Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, нэгдүгээр шатнаас шалгарсан шигшээ 16 баг сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдаад буй. Энэ жилийн хувьд өмнө жилүүдийнхээс өвөрмөц болж байгаа нь хэсгийн шатны барилдаанууд билээ.
Сугалаагаар С хэсэгт Ховд, Баянхонгор, Төв, Дорноговь аймгийн багууд багтлаа. Бид та бүхэнд аймаг тус бүрийн багийн бүрэлдэхүүнээс хамгийн хамгийн бөхчүүдийн онцолж байна.
Ховд аймгийн бүрэлдэхүүнд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг, Аймгийн арслан Ц.Төмөрцоож, Аймгийн арслан М.Баяржавхлан, Аймгийн арслан У.Батцоож нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын харцага Г.Ганхуяг, Аймгийн арслан М.Баяржавхлан, Аймгийн арслан У.Батцоож нарын оронд Улсын начин Б.Сосорбарам, Аймгийн хурц арслан Б.Баянмөнх нар байв.
Өнгөрөгч тэмцээнд тэд Архангай аймгийн багтай хоёрдугаар шатанд сугалаа таарч, үзэгчдийг шуугиулсан ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн ч 13:12 харьцаатай ялагдал хүлээж байв. Тэд энэ жил нэгдүгээр шатанд Дундговь аймгийн багтай оноолт таарч 21:4 харьцаатай илүүрхсэнээр хэсгийн шатанд шалгарлаа.
Багийн хамгийн ахмад бөхөөр Улсын заан Б.Пүрэвсайхан тодорлоо. Хамгийн залуу бөхөөр 2001 онд төрсөн Аймгийн арслан М.Баяржавхланг нэрлэж байна. Харин багийн хамгийн өндөр бөх нь 190 см өндөртэй Аймгийн арслан Ц.Төмөрцоож юм. Хамгийн жинтэй бөх нь Улсын заан Б.Бат-Өлзий ажээ. Багийнхаа хамгийн намхан бөхөөр Улсын заан Б.Пүрэвсайхан тодров.
Баянхонгор аймгийн бүрэлдэхүүнд Улсын харцага Н.Золбоо, Улсын начин Д.Цэрэнтогтох, Улсын начин Э.Батмагнай, Аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Цэргийн арслан Г.Жамбалдорж, Аймгийн арслан Б.Бат-Орших, Аймгийн арслан Т.Баттогтох нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Аймгийн арслан Б.Бат-Орших, Аймгийн арслан Т.Баттогтох, Т.Дүүрэнсаран нарын оронд Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Аймгийн заан Ч.Даш нар байв.
Өнгөрсөн жил тус баг шигшээ найман багийн бүрэлдэхүүнд багтаж, улмаар Баян-Өлгий аймгийн дээр долдугаар байрт бичигдсэн.
Багийн хамгийн ахмад нь 1987 онд төрсөн Аймгийн арслан Б.Бат-Орших, хамгийн залуу нь 2001 онд төрсөн Улсын начин Э.Батмагнай юм. Багийнхаа хамгийн өндөр нь 187 см өндөртэй Улсын начин Д.Цэрэнтогтох, хамгийн намхан нь 177 см өндөртэй Аймгийн арслан Т.Дүүрэнсаран ажээ.
Төв аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Г.Ганжад, Улсын начин Д.Хүдэрбулга, Аймгийн арслан Э.Төгөлдөр, Аймгийн арслан Л.Даваажамц, Аймгийн арслан П.Эрхэмжаргал, Аймгийн арслан Н.Дашдаваа, Аймгийн арслан Л.Энхтүвшин нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Аймгийн арслан Э.Төгөлдөр, Аймгийн арслан Л.Даваажамц, Аймгийн арслан Л.Энхтүвшин нарын оронд Улсын заан Б.Батмөнх, Аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр нар байв.
Тус баг өнгөрсөн жил шигшээ найман багаас зургадугаар байрт шалгарсан юм.
Багийн хамгийн ахмад нь 1987 онд төрсөн Улсын начин Г.Ганжад, хамгийн залуу нь 1996 онд төрсөн Аймгийн арслан Л.Даваажамц юм. Харин багийнхаа хамгийн өндөр нь Аймгийн арслан Н.Дашдаваа, хамгийн намхан нь Аймгийн арслан П.Эрхэмжаргал ажээ.
Дорноговь аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Х.Оргилболд, Аймгийн арслан Б.Баатархүү, Аймгийн арслан М.Бямбадорж, Аймгийн арслан Б.Бадрал, Аймгийн арслан Б.Батсайхан, Аймгийн арслан Х.Очирхуяг, Аймгийн арслан Б.Түвшинтулга нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Аймгийн арслан Б.Батзориг, Аймгийн арслан М.Бямбадорж, Аймгийн арслан Б.Бадрал, Т.Буянжаргал нар байв.
Тус баг өнгөрсөн жил нэгдүгээр шатанд Багануур дүүргийн багт 14:11 харьцаатай ялагдсан. Тэд энэ жил Улаанбаатар хотын нэгдүгээр багийг 14:11-ээр илүүрхэж, хэсгийн шат руу дэвшсэн юм.
Багийн хамгийн ахмад нь 1991 онд төрсөн Аймгийн арслан М.Бямбадорж, хамгийн залуу нь 1996 онд төрсөн Аймгийн заан Б.Түвшинтулга ажээ. Харин хамгийн өндөр бөх нь 183 см өндөртэй Аймгийн арслан Х.Очирхуяг, хамгийн намхан нь 173 см өндөртэй Аймгийн заан Б.Түвшинтулга аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)