Монголын дугуйчин С.Жамбалжамц Испанийн багтай албан ёсоор нэгдэж, бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж эхэлжээ. Испанийн “Бургос Би Эйч” баг амжилтаа ахиулж, өрсөлдөх чадвараа сайжруулахын тул Грек, Монгол, Шинэ Зеландын дугуйчдаар хүчээ зузаатгажээ.
Тэд 2024 онд Тур де Франс, Жиро Д'Италиа эсвэл Вуэлта Испаниа зэрэг томоохон тур уралдаануудад оролцохын тулд дэлхийн шилдэг 40 багийн тоонд багтах ёстой бол 2025 онд шалгуур улам нарийсч, шилдэг 30-ын нэг байх ёстой. Тийм ч учраас чансааны оноо бүр тун чухалд тооцогдож байгаа юм. Эдгээр өдрүүдэд дугуйчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хэмжилт хийж, дугуй болон хувцсыг нь илгээж байгаа аж. Багийн хувьд нэгдсэн эв нэгдэл чухал гэдгийг онцолжээ.
Тус багийн цахим хуудсанд С.Жамбалжамцыг онцолж, ирэх зорилтуудын хамгийн өвөрмөц хүч гэдгийг дурдсан байна. Монголын дугуйчныг эгнээндээ нэгтгэсэн “Бургос Би Эйч” баг нь 2006 онд байгуулагдсан UCI-д харъяалалтай Испанийн мэргэжлийн дугуйн баг юм.
Испанийн баг Монголоос дугуйчин урьсан нь Европын томоохон уралдаануудад Монгол дугуйчин уралдах болсон анхны тохиолдол болж байна. Түүний Европт уралдах болсон нь Монгол төдийгүй Азийн тамирчдын хувьд том боломж. С.Жамбалжамц Малайзын багаас Азийн цуврал тур уралдаануудад уралдаж, Ази тивд чансаагаар топ зэрэглэлд нэрлэгдэх болсон дугуйчин.
С.Жамбалжамц Малайзын “Теренггану Полигон” багийн бүрэлдэхүүнд Малайзын уралдааны түрүү хүртсэнээс гадна Ираны тур, Хятад дахь Хуаншан тур зэрэг тэмцээнд түрүүлж, тогтмол амжилттай яваа тамирчин. Мөн “Ханжөү 2022” Азийн спортын наадамд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнээр 2024 оны Парисын олимпод оролцох эрхээ аваад байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ