Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, нэгдүгээр шатнаас шалгарсан шигшээ 16 баг сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдаад буй. Энэ жилийн хувьд өмнө жилүүдийнхээс өвөрмөц болж байгаа нь хэсгийн шатны барилдаанууд билээ. Хэсгийн шатны барилдаан гурав хоногийн дараа эхэлнэ.
Сугалаагаар В хэсэгт Архангай, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн багууд багтлаа. Бид та бүхэнд аймаг тус бүрийн багийн бүрэлдэхүүн, тэдгээрийн хамгийн хамгийн бөхчүүдийг онцолж байна.
Архангай аймгийн бүрэлдэхүүнд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага С.Сүхбат, Аймгийн арслан Э.Мөнхжаргал, Аймгийн арслан Д.Ням-Очир, Цэргийн заан Ө.Батсуурь нар багтжээ. Өнгөрсөн жил тус аймгийн багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага С.Сүхбат, Аймгийн арслан Э.Мөнхжаргал, Улсын арслан М.Бадарч нар багтаж байлаа.
Өнгөрсөн жил тэд Алтан цомын төлөөх барилдаанд нэг ч ялагдалгүй түрүүлж, анхны тодотголтой АЛТАН ЦОМ-ыг өргөсөн юм. Тэдэнтэй аваргын төлөө Булган аймгийн начингуудын баг өрсөлдсөн.
Тус багийн хамгийн ахмад нь Улсын арслан Р.Пүрэвдагва 1985 онд төрсөн, 38 настай. Харин хамгийн залуу нь Улсын залуу харцага С.Сүхбат 2000 онд төрсөн, 23 настай. Багийн хамгийн өндөр бөхөөр Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ шалгарлаа. Түүний биеийн өндөр 195 см ажээ. Хамгийн жин ихтэй нь Аймгийн арслан Э.Мөнхжаргал юм. Тэрбээр 133 кг жинтэй. Багийн хамгийн хөнгөн бөхөөр 108 кг жинтэй Улсын харцага Б.Зоригтбаатар тодров.
Булган аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Д.Амарсайхан, Улсын начин Д.Амаржаргал, Улсын начин Х.Цогтгэрэл, Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Улсын начин Э.Сумъяабат, Улсын начин Б.Түвшинтөгс, Улсын начин Э.Энх-Амгалан нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын начин Э.Энх-Амгалангаас бусад нь байлаа.
Тэд өнгөрсөн тэмцээний тэргүүн байрын төдөө Архангайн багтай өрсөлдөж, 16:9 харьцаатай ялагдал хүлээсэн. Энэ жилийн хувьд тус хоёр баг нэг хэсэгт багтаж, өнгөрсөн жилийн финалын барилдааныг хэсгийн шатанд харах юм. Тэд ирэх 12 дугаар сарын 02-нд хоорондоо тулна.
Багийн хамгийн ахмад бөхөөр 1988 онд төрсөн Улсын начин Б.Амаржаргал тодров. Түүний дараагаар 1989 онд төрсөн Улсын начин Д.Амарсайханыг нэрлэж болно. Хамгийн залуу бөхөөр 1997 онд төрсөн Улсын начин Б.Түвшинтөгс шалгарав. Харин багийн хамгийн өндөр Улсын начин Б.Түвшинтөгс юм. Түүний өндөр 182 см. Ерөнхийдөө тус багийн дундаж өндөр 180 см юм. Багийн хамгийн хүнд бөхөөр 120 кг жинтэй Улсын начин Х.Цогтгэрэл тодров. Харин багийн хамгийн намхан, хөнгөн бөхөөр 110 кг жинтэй Улсын начин Д.Амарсайхан тодорлоо. Улсын начин Э.Энх-Амгалан мөн 172 см өндөртэй.
Баян-Өлгий аймгийн бүрэлдэхүүнд Улсын заан Б.Серик, Улсын начин Н.Мустафа, Аймгийн хурц арслан М.Еркебулан, Аймгийн хурц арслан У.Береке, Аймгийн арслан Т.Эрболат, Аймгийн арслан Б.Төмөрбаатар, Аймгийн заан Е.Көптилек нар багтжээ. Өнгөрсөн жил багийн бүрэлдэхүүнд Аймгийн арслан Т.Эрболат, Б.Төмөрбаатар нарын оронд Улсын начин Б.Баатарцол, Аймгийн арслан Э.Тамираа нар байв.
Тэдний хувьд өнгөрсөн тэмцээнд шигшээ наймд багтсан ч Баянхонгор аймгийн багийг ялсан амжилттайгаар сүүл мөшгөсөн.
Тус багийн хамгийн ахмад бөхөөр 1989 оны гурван сард мэндэлсэн Аймгийн хурц арслан М.Еркебулан тодров. Тэр мөн багийнхаа хамгийн жинтэй бөх нь юм. Багийн хамгийн өндөр бөх Аймгийн хурц арслан У.Береке түүнээс хоёрхон сараар дүү ажээ. Багийн хамгийн залуу бөхөөр 1996 онд төрсөн Аймгийн заан Е.Көптилек тодров. Харин багийн хамгийн намхан бөхөөр Улсын заан Б.Серик шалгарлаа. Түүний биеийн өндөр 178 см ажээ. Мөн хамгийн хөнгөн буюу 110 кг жинтэй.
Сүхбаатар аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Б.Батжаргал, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ, Аймгийн арслан Э.Буянтогтох, Аймгийн заан Б.Бадамдорж, Аймгийн заан С.Ган-Эрдэнэ нар багтжээ.
Тэдний хувьд өнгөрсөн жил нэгдүгээр шатанд Орхон аймгийн багтай эн тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, 12:12 харьцаатай тэнцээнээс нэг даваа илүү авч, хоёрдугаар шатанд шалгарч байв. Харин хоёрдугаар шатанд Төв аймгийн багтай оноолт таарч, 16:9 харьцаатай ялагдаж байлаа. Өнөө жил нэгдүгээр шатанд Дорнод аймгийн багтай өрсөлдөж ялалт байгуулснаар хэсгийн шатанд, тэр дундаа хамгийн чанга хэсэгт багтаад байна.
Багийн хамгийн ахмад нь 1987 онд төрсөн Улсын начин Б.Батжаргал юм. Харин хамгийн залуу нь 1998 онд төрсөн Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр билээ. Багийн хамгийн хүнд, хамгийн өндөр нь Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр юм. Тэрбээр 186 см өндөр, 125 кг жинтэй. Харин хамгийн намхан нь Аймгийн заан Б.Бадамдорж билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)