Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, нэгдүгээр шатнаас шалгарсан шигшээ 16 баг сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдаад буй. Энэ жилийн хувьд өмнө жилүүдийнхээс өвөрмөц болж байгаа нь хэсгийн шатны барилдаанууд билээ. Хэсгийн шатны барилдаанууд ирэх сарын 02-оос эхэлнэ.
Сугалаагаар А хэсэгт Увс, Завхан, Орхон, Өмнөговь аймгийн багууд багтлаа. Бид та бүхэнд аймаг тус бүрийн багийн бүрэлдэхүүнээс хамгийн хамгийн статистикыг танилцуулж байна.
Увс аймгийн бүрэлдэхүүнд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ, Улсын начин О.Түмэн, Улсын начин Д.Тогтохжаргал, Аймгийн арслан Л.Энхсаруул, Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар багтжээ. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнд тэднээс Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин О.Түмэн байв.
Тэд өнгөрсөн жил шигшээ найман багт багтаж, Архангай, Өвөрхангай, Булган аймгийн багт ялагдсанаар 78 даваа, 12 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдсэн юм.
Хамгийн ахмад бөхөөр Улсын даян аварга Н.Батсуурь, хамгийн залуу бөхөөр 1995 онд төрсөн Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. Тэдний хамгийн өндөр бас жинтэй нь Улсын аварга П.Бүрэнтөгс юм. Түүний өндөр 192 см, жин 145 кг ажээ.
Завхан аймгийн бүрэлдэхүүн Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Л.Лха-Очир, Улсын начин Т.Дүгэрдорж, Аймгийн хурц арслан М.Амарсанаа, Аймгийн арслан А.Нармандах, Аймгийн арслан Д.Батбаатар, Аймгийн арслан Х.Болдбаатар нар багтжээ. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнд тэднээс Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Л.Лха-Очир, Улсын начин Т.Дүгэрдорж нар байв.
Өмнөх тэмцээнд Завхан аймгийн баг шигшээ найман багийн бүрэлдэхүүнд багтсан. Тэд шигшээ шатанд нийт 71 даваа, 10 оноотойгоор тавдугаар байрт орсон билээ.
Тус багийн хамгийн ахмадаар Улсын харцага Л.Лха-Очир, хамгийн залуугаар Аймгийн арслан А.Нармандах нар шалгарлаа. Багийн хамгийн өндөр бас жинтэй бөхөөр Аймгийн арслан Д.Батбаатар шалгарав. Түүний биеийн өндөр 194 см, жин нь 133 зг ажээ.
Орхон аймгийн бүрэлдэхүүн Улсын начин Б.Ганхуяг, Улсын начин Ө.Батзул, Аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Аймгийн арслан Б.Уртбаяр, Аймгийн арслан Б.Гантөмөр, Аймгийн арслан Ч.Мөнхбат, Аймгийн арслан Д.Хишигдаваа нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд тэднээс Аймгийн арслан Б.Гантөмөр, Аймгийн арслан Б.Мөнхбат, Аймгийн арслан Д.Хишигдаваа нар байв.
Өнгөрсөн жилийн тэмцээнд тус аймгийн баг нэгдүгээр шатанд Сүхбаатар аймгийн багт 13:12 харьцаатай ялагдсан.
Тус багийн хамгийн ахмад бөхөөр Аймгийн арслан Д.Хишигдаваа, хамгийн залуу бөхөөр Улсын начин Ө.Батзул нар шалгарлаа. Уг хэсэгт байгаа багуудаас хамгийн ахмад бүрэлдэхүүнтэй нь Орхон аймгийн баг бөгөөд Улсын начин Д.Ганхуяг 1985, Аймгийн арслан Б.Гантөмөр, Б.Уртбаяр нар 1984 онд төржээ. Багийн хамгийн өндөр, жинтэй бөхөөр Булган аймгийн Могод сумын харьяат Аймгийн хурц арслан Ө.Сүхбатыг нэрлэв. Тэрбээр 184 см өндөр, 140 кг жинтэй.
Өмнөговь аймгийн бүрэлдэхүүн Улсын заан Ц.Одбаяр, Улсын начин Ш.Дарханбат, Улсын начин Э.Нямаа, Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, Аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа, Аймгийн заан Б.Баянсүх, Аймгийн заан С.Доржпалам нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд тэднээс Улсын заан Ц.Одбаяр, Улсын начин Ш.Дарханбат, Аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа, Аймгийн заан Б.Баянсүх нар байв.
Тэд өмнөх тэмцээний хоёрдугаар шатанд Баянхонгор аймгийн багтай сугалаа таарч 16:9 харьцаатайгаар ялагдал хүлээсэн.
Тус багийн хамгийн ахмадаар Улсын заан Ц.Одбаяр, хамгийн залуу бөхөөр Аймгийн заан С.Дорждалам нар шалгарлаа. Уг хэсгийн хамгийн жигд өндөртэй багаар тус баг мөн шалгарав. Тэдний ихэнх нь 182 см өндөртэй. Багийн хамгийн өндөр бөхөөр Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, Т.Төгсдөлгөөн нар тодорлоо. Харин хамгийн жинтэй бөхөөр 118 жинтэй Улсын заан Ц.Одбаяр шалгарав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)