Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр ОУХМ Б.Нарантуяаг нэрлэж байна.
Анх 12 настайдаа бильярд тоглож байсан тэрбээр өдгөө 29 насандаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, энэ спорт дахь түүхийн шинэ хуудсыг нээлээ. Тухайлбал, Снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын нийслэл Доха хотод энэ сарын 5-24-ны өдрүүдэд болж өндөрлөсөн юм. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд дараа нь Германы тамирчныг 4:2-оор хожсоноор хүрэл медалийн болзол хангав. Энэхүү хүрэл медаль нь уг төрлөөр авч буй Монгол Улсын анхны медаль бөгөөд түүхийн хуудаснаа гэрч болон үлдэж байна. Мөн өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсныг уншигч та мэдэх биз ээ.
Түүний энэхүү амжилтууд бильярдын спортоор тэргүүлдэг БНХАУ, Их британи, Тайвань зэрэг улсын тамирчидтай эн зэрэгцэж буй. Тодруулбал, Яг одоогийн байдлаар Дэлхийн мэргэжлийн чансааны 50 дугаар байрт эрэмдлэгдэж байгаа юм.
Д.Батчулуун