Монголын өнөө цагийн шилдэг залуу теннисчдийн нэг Ч.Маралгоо АНУ-ын Канзас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Энэ тухай тус сургуулийн теннисний цахим хуудсанд албан ёсоор зарласан байна.
18 настай түүний хувьд Ханжоугийн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг Хятадын Чин Вэн Жэнтэй учраа таарч байсан билээ. Мөн Ч.Маралгоо өөрийн төрсөн дүү Ч.Мартагийн хамтаар олон улсын тэмцээнд хосын төрөлд оролцож, шагналт байрт шалгарч байсан амжилттай.
Шех Расселлийн нэрэмжит олон улсын клубуудын аварга шалгаруулах тэмцээнд 14 настай Ч.Маралгоо түрүүлж, аваргын цом, 6000 ам.долларын шагнал хүртэж байв. Энэ амжилтаараа Монголын теннисний түүхэн дэх өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн анхны тамирчин болсон юм. Ч.Маралгоо АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямсыг дэмждэг.
Канзас мужийн их сургуулийн теннис NCAA-ийн нэгдүгээр дивизоны “Big 12” бүст багтдаг бөгөөд ахлах дасгалжуулагчаар нь Жордан Смит гэх эрхэм ажилладаг аж. Уг сургуулийн теннисний эмэгтэйчүүдийн багт Америк, Герман, Чех, Энэхтэг, Португал, Венесуэль, Япон зэрэг улсаас тамирчид багтдаг юм байна.