Эрт урьдын цагт халуун дулаан бүрдсэн орны сайхан шугуйд тагтаа шувуу, туулай, сармагчин, болон заан дөрөв олон жил хамт амьдран суудаг байжээ.
Тэр дөрөв эвтэй сайхан байдаг байсан ба, нэгэн өдөр хэн нь ах болохоо мэдэж, ах болсон нь дүү нараа тэтгэн , дүү нар нь бусад ах нараа хүндлэн тааллаар нь явъя гэж хэлэлцээд бие биеэсээ хэн нь ах болохоо асуулцаж гэнэ. Тэнд нэг том мод ургаж байсан тул Заан тэр модыг зааж:
- Намайг балчир байхад энэ мод надтай чацуухан байсан ба би шөргөөдөг байв гэжээ. Үүний хариуд сармагчин хэлэв:
- Намайг бяцхан байхад энэ мод тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв. Гэтэл Туулай ийн хэлэв:
- Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ. Харин тагтаа хэлжээ:
- Сүмбэр уулыг дов байхад сүн далайг шалбааг байхад Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагасан билээ. Тэгээд энэ мод ургасан юм гэв.
Тийн ярилцан хамгийн ах нь тагтаа, удаах дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тул заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Харин Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ гаргав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарган өнөөх том модны жимсэнд хүрч, дүү нартаа тараан өгч идэцгээв. Ийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар эвтэй 4 амьтан хэмээгдэх үлгэр бий болсон билээ.