Монгол бөх бол эртний түүхт үндэсний спорт төдийгүй эрийн гурван наадмын нэг билээ. Эр заяанд төрсөн хэн чиг л барилдаж, ноцолдож өссөн. Үүнийгээ дагаад энэ спортын цар хүрээ өргөн байдаг биз ээ. Гэвч дээлтэй болгон барилдаад бөх болдоггүй. Хэн авьяастай, хурд хүчтэй, хөдөлмөр зүтгэлтэй нь зодог шуудаг өмсөж, дэнжийн наадмыг чимдэг жамтай. Бөхдөө хайртай манай ард түмэн тэднийгээ муулж нэг үзнэ, аа бас магтаж нэг өргөнө. Сайнтай муутай амьдралд саар нь гэвч сайнаасаа бага байдаг нь сайхан.
Сүүлийн үед "Монгол бөхийн өргөө"-нд үзэгчдийн хөл татруу байгааг бид мэднэ. Олон ч барилдаан ээлж дараагаар болдог болсон. Тэр ч бөхийн насны ой, энэ ч компанийн тэгш ой гээд л... Ийм болсон нь хэдийгээр сайхан чиг гэлээ ӨНДӨР цолтой бөхчүүд маань үзэгч түмнээ хүндэлж, үзэмжээ харуулах тал дээр хөшүүн хойрго болоод байх шиг санагдана. Тэр аварга, арслан гээд нэр цохоод хэлчхэж боломгүй. Ерөнхийдөө ихэнх том цолтнууд бөхийн өргөөгөөр шагайхаа байгаад удлаа.
Наадам сайхан болсон. Наадмын дараа допингийн асуудал шуугиан тариад намжлаа. Одоо бөхийн өргөөгөөр үзэгдэж байгаа нь том бөхчүүдээс Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Б.Пүрэвсайхан нар л... Хааяахан Улсын гарди Ц.Бямба-отгон, Улсын аварга П.Бүрэнтөгс нар харагдах болов. Байнга ирж барилддаг Улсын харцага, начнуудаас үлгэр дуурайлал авмаар сан.
Миний санахын хоёр, гурван жилийн өмнөхөн л том цолтой бөхчүүд бараг бүгд л ирж барилддаг байлаа. Тэр цагт доогуур уналаа гэж муу хэлдэггүй л байсан байх. Яахав, бэлтгэл сургуулилт жигдрээгүй, эсвэл байнга зодоглоож байж чадахгүй байж болох ч алгасаад нэг удаа ч юм уу барилдчихаад байвал Монгол бөхийн төлөөх үүрэг хариуцлага гэж ойлгоно. Аль ч л ногоон дэвжээнээс хоолоо залгуулж байгаагаас хойш, нэгэнт л энэ спортод амьдралаа зориулж байгаагаас хойш цаашдын залгамжлагч дүү нартаа үлгэр жишээ баймаар сан даа АВАРГА, АРСЛАН тэргүүтэй том бөхчүүд минь ээ. Үзэгч түмэн чинь та нарыг л харахыг хүсэж байгаа гарцаагүй.
Бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүний дайсан. Бэртсэн нэгнийг чинь бол бид бүгдээр ойлгоно. Магадгүй өндөр бай шагнал л чухал байх гэсэн ойлголт олны дунд тарчихсан. Багахан байтай барилдаанд хамгийн том цолтон нь Улсын заан байх жишээтэй. Энэ мэтээр цааш үргэлжилбэл энэ спортын хувь заяа хүнд шалгууртай тулах нь мэдээж.
Улсын цолонд хүрнэ гэдэг нэг талаараа орох орон, унах унаатай болохын нэр. Цаашид сайн барилдвал амьдрал нь бүр л сайжирна гэсэн үг. Том цолонд хүрвэл ТОМ л амьдардаг жамтай. Гэлээ гээд өөрийг нь амжилтад хүргэсэн, амьдралын сайханд хөтөлсөн энэ спортдоо сэтгэлтэй, зүтгэлтэй хандаж, барилдааныг жижиг гэж гололгүй түмнээ баясгаж, бөхийн өргөөгөөр шагайж байгаасай гэж хүснэ. Тэгэж гэмээ нь үзэгчдийн тоо нэмэгдэж, спортын хөгжил чанаржина.
Сүүлийн үеийн залуучууд их спортын хажуугаар үндэсний бөхөөр гаргуун болж, туршлага хуримтлуулан гадаад дотоодын тэмцээн уралдаанд амжилт гаргах болсон. Том бөхтэй барилдана гэдэг тухайн бөхөд асар том урам, бас туршлага болж байдаг. Тэгэхээр аварга, арслан та ирж барилдаж байна гэдэг нь залуу бөхчүүдийн хувь АСАР ТОМ туршлага, урам зориг болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр их спортынхны ч сэтгэл зүйг хурцалж, улам том амжилт гаргахад нь ач тусаа өгч буй хэрэг юм шүү. Залуу бөхчүүддээ зангараг харуул. Том бөхийн нөмөр үзүүл...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)