Өчигдөр /2023.11.19/ "Монгол бөхийн өргөө"-нд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан ээлжит барилдаан болж, 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Амарсанаагийн Мягмарсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Завхан” дэьжээний бөх, сумын заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн сумын цолтнуудын барилдаанд гурав дахь удаагаа үзүүрлэв.
Гуравт 10 дугаар сарын түрүү бөх Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухаан" их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Цэрэнням шалгарсан бол тавд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын ТАВАН түрүүтэй заан Ё.Гантулга, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын наадмын ХОЁР түрүүтэй заан Х.Бумбаяр нар шалгарлаа. Тэгвэл бид та бүхэнд уг барилдаанд түрүүлсэн Сумын заан А.Мягмарсүрэнг онцолж байна.
Баримт 1
Тэрбээр 2001 оны гуравдугаар сарын 27-нд төрсөн.
Баримт 2
Түүний төрсөн нутаг бол Увс аймгийн Цагаанхайрхан сум.
Баримт 3
А.Мягмарсүрэн нь 2021 оны 12 дугаар сарын 29-нд Сумын начин цолыг анхлан хүртэж байв.
Баримт 4
Дараа жил нь буюу 2022 онд Сумын заан цолонд хүрчээ.
Баримт 5
Тэр 18 сумын цол хүртсэнээсээ хойш 18 удаа "Монгол бөхийн өргөө"-нд барилджээ.
Баримт 6
18 удаа барилдахад өчигдрийн 10 даваатай түрүүлсэн. Түүнээс өмнө хамгийн давсан нь 2022 оны 11 дүгээр сард болсон Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан зургаа даван бага шөвөгт шалгарч байжээ. Бусад барилдаанд тэр нэгээс гурав давж байжээ.
Баримт 7
Харин аймаг, улсын цолтны барилдаанд найман удаа хүч үзэж, өнгөрсөн оны сүүлчээр болсон Улсын харцага Жамцын Борын нэрэмжит барилдаанд нэг удаа давжээ. Тэгэхдээ тэр Баянхонгор аймгийн арслан Т.Дүүрэнсаранг хаяжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)