Сүүлийн жилүүдэд допинг, нэгэндээ гар хүрэх зэрэг үйлдлээс болж бөхчүүдийн нэр хүнд, түүнийгээ дагаад Монгол үндэсний бөхийн нэр хүнд олон нийт, сонирхогчдын дунд унаад байгаа билээ. Унасан бөхөө нидэрдэг, уураа барьж дийлдэггүй, уцаараа гарандаа зангидаад нудардаг л гэнэ.
Хөөрхий муусайн бөхчүүдийн нэр хүнд нэг унаж аваад л хуучны сайхан цаг шиг өндөр бололгүй тэхий голоор нь тэгэсгээд л явж байна даа. Авахаас сүүлийн үед бөхчүүдийн жин багасаж, залуу үеийнхнээс уран барилдаан гарах болсноор чамгүй өсөөд байгаа гэж болно. Гэвч муулан байж үздэг үзэгчид дэндүү олон болжээ.
Тэр бөх тахим өгөхдөө цолоороо бардаж, хол очиж зогсоод тахим авах бөхөө хүлээлээ ч гэх шиг. Ойрын жишээ гэвэл,
Улсын залуу заан Б.Серик бөхийн өргөөнд болсон барилдаанд учраа бөхөө даваад цолны эрэмбээр дэвж явсаар холдсон газраа хүлээж буй харагдсан. Уг бичлэгийг тасалж аваад сошиал орчин, "Жудаг" нэртэй бөхийн группт хуваалцаж олноороо муулсан байв. Цөөнгүй хэд нь өмөөрсөн, зөв талаас нь харсан байлаа. "Хасаг" ч гэж бичсэн нь цөөнгүй.
Нутаг усаараа талцаж, жалга довны үзэл гаргах хамгийн том шалтгаан нь ҮНДЭСНИЙ БӨХ болчхоод байгаа нь харамсалтай. Уг чанартаа нэгэн туурга тусгаар улсад амьдарч байгаа бид бүхэнд талцах шалтгаан юу байх билээ дээ.
Саяхны жишээ,
Одоогоос хоёр өдрийн өмнө болсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд өнөө жилийн Улсын баяр наадмын үзүүр бөх Улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, Улсын заан, МУГТ М.Лхагвагэрэл үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Тэд барилдааны дараа индэр лүү гарч, бай шагналаа гартаа барьснаар зургаа татуулжээ. Гэвч өнөөх л өөнтөг ч хүмүүс маань өө олоод амжив.
Тодруулбал, шөвгийн дөрвөн бөхийн бай дунд "Эзэн Чингис" хааны хөргийг багтаасан аж. Гэвч өнөөх хөрөг маань бор цаасанд боолттой байсан тул бөхчүүд маань анзаараагүй, бэлхүүснээсээ доош барьсан нь олны шүүмжийг дагуулав. "Хаанаа хүндэлсэнгүй" л гэх. Гэвч үнэхээр хааны хөрөг гэдгийг мэдсэн бол бөхчүүд маань хүндлэх л байсан гэж өмөөрмөөр санагдлаа.
Допингийн асуудал маргаан дагуулсаар буй. Гэвч бидний эрт дээр үеэсээ залгамжилж ирсэн энэ сайхан спортод буруу зүйл байхад болж бүтэж байгаа сайхан зүйлс дэндүү олон шүү. Өндөр цолтонд мэхийн ёсолдог, унагасан бөхөө өргөж босгодог, шударга сайхан барилддаг, үзэгч түмнээ хүндэлдэг, цэнгүүлэн байж уран хурц барилдаан гаргадаг гээд тоочоод баршгүй их билээ. Жудаггүй бөх гэж ярихаасаа шүүхээсээ урьдаар бөхийн спортыг тулааны төрөл гэдгийг ойлгох нь чухал. Нэгнээ шатаадаг, хор шарыг нь малтдаг үзэгдэл аль ч спортод байдаг л зүйл.
Иймд бид бүхэн дээрх зүйлсийг тунгааж, бөхчүүдээсээ ЖУДАГ нэхэхээсээ өмнө өөрсдөө ЖУДАГТАЙ үзэх, шимтэх тал дээр анхаарсан нь дээр санагдана. Тэр байтугай зөвхөн бөх хүнээс л жудаг нэхэх биш, амьдрал дээр ч нэгнээсээ жудаг нэхдэг байгаасай. Хүн бүхэн жудагтай байх учиртай юм биш үү дээ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)