Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг ирэх оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуралд сагсан бөмбөгийн нэрт тамирчин Яао Мин тэргүүтэй Ази тивд сагсанбөмбөгөөр тэргүүлэгч орнуудын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирнэ.
Тус холбооны зорилго нь бүс нутгийн сагсанбөмбөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд орших бөгөөд Зүүн Азийн сагсанбөмбөгийн холбоонд Монгол, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Макао улс багтдаг юм. Зүүн Азийн сагсанбөмбөгийн холбоог NBA-гийн алдрын танхимын гишүүн, ФИБА-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яао Мин тэргүүлж байна. Хурлаар бүс нутагтаа өсвөр үе, эмэгтэйчүүдийн болон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Зүүн Азийн супер лигийн зохион байгуулалтын талаар хэлэлцэх ажээ.