ESPN-ээс гаргасан жин харгалзахгүй чансааг дахин тэргүүлсэн Теренс Кроуфорд IBF холбооны хагас дунд жингийн аваргын бүсээ хургаалгаснаар "маргаангүй" аварга гэсэн статусаа алдлаа. Түүнийг орлож IBF холбооны хагас дунд жингийн түр бүсийг эзэмшиж байсан Жэрон Эннис үндсэн аварга болж байна.
36 настай Кроуфорд өнгөрсөн 7-р сард Эррол Спенс Жуниорыг буулган авснаар өөрийн WBO холбооны бүсэн дээрээ IBF, WBA, WBC гэсэн 3 холбооны бүсийг нэмж, "маргаангүй" аварга болсон билээ. Тэгвэл тус тулааны дараа IBF холбооны зүгээс Кроуфордыг Жэрон Эннистэй тулалдаж бүсээ хамгаалахыг шаардсан ч Кроуфорд татгалзаж, Эррол Спенстэй дахин тулалдах сонголтыг хийсэн. Улмаар IBF холбоо Кроуфордын хагас дунд жингийн аваргын бүсийг хураахаар шийдвэрлэлээ.
Ирэх оны 2-р сард xүнд жингийн "маргаангүй" аваргын төлөө тулалдах Тайсон Фьюри, Олександр Усик нарт ч ийм зүйл тохиолдоно. Тэдний хэн ялсан нь IBF холбооны хүнд жингийн түр бүсийг эзэмшигч Филип Хрговичтэй тулалдах ёстой. Эс бөгөөд Крауфордын явдал давтагдаж бүсээ хураалгах эрсдэлтэй юм.
Өнгөрсөн сард ESPN Кроуфорд, Спенс нарын 2 даxь тулааныг ирэх оны 2-р сард болоx магадлалтай хэмээн мэдэгдэж байсан ч одоогоор тулааны эцсийн тов гараагүй байна.