Наадам тарж, шувууд буцахтай зэрэгцэн бөхчүүдийн дараагийн наадам хүртэлх бэлтгэл эхэлнэ. Нэг үеэ бодвол бөхийн барилдаан олноор зохион байгуулагдах болжээ. Тэгвэл энэ жилийн намрын нээлтийн барилдаанаас эхлээд Ховдын бөхчүүдийн хосгүй ноёрхол өрнөж байна.
Тодруулбал, энэ намрын нээлтийн барилдаан, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, “Хос Алтайн Хүчтэн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.
Үүний дараагаар Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Автозамчдын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол улсын хүчит заан Б.Бат-Өлзийн дахин түрүүлсэн.
Одоогоос хоёрхон өдрийн өмнө болсон “Таны телевиз” уриатай ТВ9 телевиз үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Түүний маргааш буюу өчигдөр болсон Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Баатар Дулаан Хан” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд үзүүрлэлээ. Энэ нь залуу Аймгийн арслангийн анхны түрүү байлаа.
Энэ мэтчилэн тэдний ноёрхол энэ ондоо л лав дуулиан тарих нь ээ... Хүч бяраар тэгширсэн, жудгаараа олонд гайхагдаж яваа аварга, арслан, заануудаас Монголын ард түмэн төрийн наадмын түрүүг хүлээдгийн учир энэ билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)