Монголын Волейболын Холбоо манайдаа хамгийн томд тооцогдох, хувийн хөрөнгө оруулалттай спортын бүтээн байгуулалтууд болох “Аррэнжментвишн Энтертайнмент” ХХК-ийн “AIC Steppe Arena – Мөсөн Өргөө” болон “Уран Палас” ХХК-ийн “UG Arena” ордонд волейболын спортын тэмцээн, эвент зохион байгуулах чиглэлээр урт хугацааны хамтран ажиллах Хамтын ажиллагааны гэрээг байгуулах ёслолын үйл ажиллагаа Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд тус орднуудад Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулахаас гадна бусад төрлийн волейболын спортын арга хэмжээ, олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулах, мөн волейболын шигшээ багийн тамирчдыг бэлтгэлжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах үүд хаалгыг нээж байгаа ажээ.
Монголын Волейболын Холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд:
-Venue буюу байгууламжийн менежмент тэр дундаа спортын байгууламжийн менежмент гэдэг шинэ тутам шинжлэх ухаан, соёл, бизнес манай улсад хөгжөөд удаагүй байна. Монгол Улсын спортын салбарын энэхүү зэх зээлийг бизнесийн агуулгаар хөгжүүлэхээр зориг гарган өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийсэн эдгээр компаниудтай хамтран ажиллах нь Волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна. Мөн волейболын сонирхогчид, баг тамирчдад маань таатай орчин бүрдүүлэхээс гадна мэргэжлийн спортын холбооны өөрийн чадавхийг дээшлэхэд үр нөлөөтэй, сайн туршлага бий болгоно гэдэгт итгэж байна. Хамтран ажиллаж байгаа талууд маань харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, Волейболын спортыг хөгжүүлэх, хөгжлийг нэг алхам урагшлуулахад хувь нэмрээ оруулахаас гадна Волейболын спортын benefit буюу ашиг тус, үр өгөөжийг тэгш хүртэх боломжийг бий болгох нь энэ хамтын ажиллагааны гол зорилго болно гэж харж байна. Монголын Волейболын Холбоо цаашдаа ч спортын бүх төрлийн стэйкхолдер, оролцогч талуудтай нээлттэй, тэгш, харилцан өгөөжтэй хамтран ажиллах бодлого барьж ажиллана.
"AIC Степпе Арена" ХХК-ийн захирал Ц.Мөнхтүвшин:
-Монголд venue буюу олон улсын байгууламжийн менежмэнтийн эрин үе эхэлж байна. Энэ үед Монголын ууган спорт болох волейболыг хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах болсон нь бэлгэшээлтэй юм. Волейболын тамирчид, фанатууд, хөгжөөн дэмжигчид талархаж байгаа болов уу. Бид хамтын ажиллагаагаа яаж зөв явуулах, яаж хол явуулах тал дээр ажиллах болно. Волейболын үзэгчдийн тоо судалгаагаар сагсныхаас өндөр байдаг бөгөөд бүх насныхан дуртай байдаг спорт юм байна. Тэгэхээр олон улсын байгууламжид ороод ирэхэд продакшнаас үзэгчдэд хандсан момент, эффект сайжирч, төгс болох учиртай, энэ тохиолдолд үзэгчдийн хандлага өөрчлөгдөх байх гэж бодож байна. Манай AIC Степпе Арена энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаадаа талархалтай байна.
“Уран Палас” ХХК-ийн “UG Arena”-ийн захирал Л.Золбоо:
-Монголын томоохон спорт-волейболын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар хамтран ажиллах болсондоо таатай байна. Бид Монголд дутагдаад байсан тамирчдын болон үзэгчдийн таатай орчныг бүрдүүлэх, эерэг уур амьсгалыг бий болгоход хичээн ажиллах болно. Мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах болсон нь спортын хөгжилд том түлхэц болно гэж бодож байна.
Сэтгэгдэл (1)