Монголын сагсан бөмбөг "Сиамын ихэр шиг хоёр холбоо"-той нэг хэсэг явсан билээ. Тухайн үед хагархай газрын хавцал руу хэн унав, тамирчид л унасан. 10 гаруй жилийн хагарал, хуваагдал олон улсын тэмцээнд оролцож, хөгжлийнхөө шатанд хөл тавихад дөнгө болж байлаа. Харин жилийн өмнө тамирчид "нэг" холбооны нэрэн дор нэгдэж, ерөнхийлөгчөөрөө Г.Батцэнгэлийг сонгосон билээ. Тухайн үйл явдал ахиц авч ирж, монголын сагсчид дэлхийн ранктай боллоо. Мөн Зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтод шалгарсан амжилттай яваа.
Гэвч Үндэсний Дээд лигийн тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Эздийн холбоотой түнжин муудаж, нэр бүхий таван багийг тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг гаргаад байсан ч тамирчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Тиймд тамирчдын эрх ашиг, сонирхогчдын хүсэл гэх ялдам тайлбартай мэдэгдэл гаргаж "баярлуулсан". Гэтэл араас нь таван багийн эзэд, менежерүүдийг 2026 он хүртэл МСБХ-ны зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцохыг "хориглочхов". Тус "хориг"-ийг тавихад байлцаж, гарын үсэг зурж баталгаажуулснаас харвал С.Тулгын хамаарал бүхий хүмүүс байна гэх. Иймд эл нөхцөл байдал нь ганцхан тэмцээнд оролцох тухай асуудал биш болж хувирлаа.
Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн залуудаа гавьяат болсон нэгэн бол С.Тулга дасгалжуулагч. Түүнд эл спортын төлөө хийсэн гавьяа ч бий, гай ч бий. Тодруулбал, холбооны ЕБНД байхдаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг ХНХ-ийн сайдаар ажиллаж ахуй үед нийлж, холбоог хоёр салгах буюу хоёр лигтэй болгох тохироог бүрдүүлсэн гэдэг.
Яван явсаар сурсан юмыг сураар ороож болохгүйн үлгэрээр дахин талцал, хямралын тавцанд гарав. Начир дээрээ С.Тулга холбооны удирдах албан тушаалтны суудлаас явсан ч түүний дагагчид холбоонд томоохон нөлөө бүхий гишүүн, үүрэг гүйцэтгэгчийн журмаар "үүрлэсэн" байна.
Тухайн үед дасгалжуулагч С.Тулга "3Х3 сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагчаар ажиллана" гэхэд нь 5Х5 сагсан бөмбөгөөс зодог тайлах нь гэж ойлгосон хүн бишгүй биз. Гэтэл саяхан "3Х3"-аа хаяж байгаагаа мэдэгдэж шуугиан тариад амжсан. Өдгөө үүсээд буй тамирчдын эсэргүүцэл дээр дөрөөлөн багийг санхүүжүүлэгч эздийн холбоо, менежерүүдийг жийж байгаа нь С.Тулгыг санагдуулам танил технологи. Сайн ажиглавал түүний ургийн мод сагсан бөмбөгийн холбоонд одоо ч ургасаар бий. Дараах байдлаар ургийн модыг нь зурж үзье.
Сагсанбөмбөгийн холбооны ЕБНД С.Төгсжаргал бол тус дасгалжуулагчийн "гарын хүн" гэгдэхүйц нэгэн. Дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав нь С.Тулгыг ХНХ-ийн сайд асан С.Эрдэнээс холдон 3Х3-руу очиход удирдах зөвлөлийн гишүүн байсан тул салшгүй холбоотой гэмээр. Харин МҮСБХ гэж байхад түүний авч ирсэн хүн бол Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоог төлөөлөхүйц мэдэлтэй гэх Р.Цэвэгмэд юм. Гэтэл Р.Цэвэгмэд гэгчийг тус ТББ-д хамааралтай гэхэд талбайн шүүгчээр ажиллаж байхыг нь нэг ч хараагүй хэмээн учир мэдэх нэгэн өгүүлсэн билээ. Харин Д.Лхагва-Очир, Ө.Мөнхчулуун нар мөн л МҮСБХ байхад гарч ирсэн гэдэг. Энэ мэтээр С.Тулгын хамаарал бүхий хүмүүс, холбооны шийдвэрт төлөөлөгчийн байр сууриар гарын үсэг зурсан байх юм.
Үйл явдлын учир дарааллаас харвал, юу ч болж байсан чимээгүй, булхи залгисан мэт явах ёстой бололтой. ТББ нь дотроо олон ТББ-ыг оршоож, тэр хэрээрээ хэтийдсэн шийдвэрийг гаргах болжээ.
Хэлэлцүүлэгт орсон тул 2026 он хүртэл "бандлаа" гэх нь шулаахан баймаар. Бодит байдалтайгаа эвлэрэхгүй байгааг гайхах. Түүнчлэн С.Тулгын дасгалжуулж асан "Архангай-Алтан Дорнод" баг санхүүгийн улмаас энэ жилийн лигийн тэмцээнээс өнжихөөр болсон ч тэрбээр өөр багийг дасгалжуулж буй. Гэтэл холбооныхон нь үнэнтэй харц тулгарах ч хүсэлгүй байх шиг
Цаашид монголын сагсан бөмбөгийн хөгжил, Үндэсний Дээд лиг нь дэлхийн жишгээр явах хэрэгтэй. Энэ бол хэн нэгэн хүний "тунирхсан"-даа мэдэгдэл гаргаж тоглодог салбар биш билээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (10)