Биеийн тамир, спортын улсын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2023 онд 48,8 тэрбум төгрөгийн 35 арга хэмжээ, төсөл хэрэгжүүлээд явж байна. Шинээр хэрэгжиж буй арга хэмжээ байхгүй. Дээрх арга хэмжээнүүдэд 10 жилээс дээш хэрэгжилттэй явж буй арга хэмжээнүүд бий.
2024 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд 29 шилжих арга хэмжээ 53 тэрбум төгрөг, шинээр хэрэгжүүлэх 16 арга хэмжээ гээд нийтдээ 71 тэрбум төгрөгийн төслийг оруулсан.
Удаашралттай байгаа барилгуудаас дурдвал, Налайх дүүргийн биеийн тамир спортын цогцолбор буюу 700 хүний суудалтай төслийг анх 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн. Захиалагчаар манай байгууллага, гүйцэтгэгчээр Бүрд констракшн. 2021 онд Биеийн тамир, спортын улсын хороонд шилжиж ирсэн. Тухайн үедээ 9,5 тэрбум төгрөгөөр эхэлж байсан. Ирэх онд ашиглалтад оруулна. Энэ барилгад жил бүр 15 тэрбум төгрөгийн төсөв тусгадаг гэх зөрүүтэй мэдээлэл гарсан учир энэхүү мэдээллийг өгч байна. Энэ бол худал мэдээлэл юм.
Биеийн тамир, спортын улсын хороо төрийн байгууллагын хувьд допингийн аливаа асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй. Энэ бол бидний үндсэн зарчим" гэв.
Д.Батчулуун