Монголын сагсанбөмбөгийн холбоо, Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчдын эрх ашиг хохирч байгаа талаар Үндэсний Дээд лигийн тамирчид байр сууриа илэрхийлэв.
"Тэнүүн-Өлзий металл" багийн тоглогч А.Энхбаясгалан:
Энэ хэвлэлийн хуралд ирсэн тамирчид Дээд лигтээ тоглоно гэсэн нэг байр суурьтай байгаа. Залуу тамирчны хувьд хэлэхэд дээд үеийн ах нар бол хоёр талд хуваагдаад, олон улсын тэмцээнд оролцож чадалгүй ч гэх юм уу, ид үеэ өнгөрөөсөн. Энэ үйл явдал дахин битгий давтагдаасай.
Бүгд нэг дор байж л тамирчин, хувь хүн хөгжинө. Хоёр хуваагдаад тоголлоо гэж бодоход тамирчны хөгжих үйл явц удааширна гэж харж байгаа. Өрсөлдөөн бага болно. Үзэгчдэд ч сонирхолгүй болно.
"ВНС Гарьд" багийн тоглогч О.Эрдэнэцогт:
Хоёр холбоотой болоод арван жилийн нүүрийг үзсэн. Харин тамирчид саналаа нэгтгээд холбоогоо нэг болгосон. Гэтэл ажлаа авсан хоёр дахь жил дээрээ ийм асуудал гаргасан учраас тамирчид хохирч, хэцүү байдалд орчихоод байна. Ашиг сонирхол гэхээс илүү менежментийн хувьд эздийн холбооноос буруу үедээ санал гаргасан юм болов уу. Үүнээс болж үл ойлголцол үүсэж байгаа. Одоо хоёр хуваагдах дээрээ тулсан гэж харж байна. Энэ холбоодын алийг ч буруутгах аргагүй.
Аль аль нь буулт хийгээсэй л гэсэн байр суурьтай байна.
М.Жаргал