Монголын сагсанбөмбөгийн холбоо, Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчдын эрх ашиг хохирч байгаа талаар Үндэсний Дээд лигийн тамирчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Хасын хүлгүүд" багийн тоглогч Б.Билгүүн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Талууд өөрсдийн харж буй өнцгөөс хамааран янз бүрийн дүгнэлт хийж байна. Таван баг маань Лигт орж чадахгүй байдалд хүрээд байна. Манай багийн хувьд Дээд лигт оролцоно.
Харин миний энд ирсэн шалтгаан бол тамирчид нэг байр суурьтай, нэг лигт тоглох нь зөв гэсэн бодол.
Энэ асуудал багийн эзэд, сагсанбөмбөгийн холбооны аль нэг хүний буруу үйлдлээс болж хөндөгдсөн болов уу. Тамирчид бол бэлтгэлээ хийгээд л явж байсан. Тиймээс харамсалтай байна.
Хэдийгээр холбооны дүрэм журам, зарчмыг дагах нь зөв боловч өөр байдлаар нэг лигтэй байх орон зайг үлдээх хэрэгтэй.
Ямар ч асуудал үүссэн байж болно. Гэхдээ тамирчдыг нэг л лигт тоглуулах ёстой. Тамирчдыг нэг лигт тоглуулах шийдвэр гаргатал миний бие ХАСЫН ХҮЛГҮҮД багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.
М.Жаргал