Даваа гарагт Францын нийслэл Парис хотноо болсон ёслолын үеэр Лионел Месси тухайн жилийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Ballon d'Or 2023"-ын эзнээр тодорсон нь найм дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж явдал болов.
Месси өнгөрсөн өвөл Катарт болсон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентиний шигшээ багийг ахалж, хөлбөмбөгийн амжилтын хүснэгтээ бүрэн дүүргэсэн юм. Өдгөө 36 настай тэрбээр ДАШТ-ы финалд Францын шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод хоёр гоол оруулж, нэмэлт цагт хоёр баг 3:3-аар тэнцсэн. Улмаар торгуулийн цохилтоор Аргентины шигшээ баг илүүрхэж, Дэлхийн аварга болсон билээ. Мөн Месси шилдэг тоглогчоор шалгарсан.
Месси энэ шагналыг авахын тулд Манчестер Ситигийн Эрлинг Хааланд, Парис Сен-Жерменийн хуучин багийн анд Килиан Мбаппе болон бусад 26 нэр дэвшигчтэй өрсөлдсөн.
ПСЖ-ийн төлөө тэрбээр 2022/23 оны улиралд 41 тоглолтод оролцож, 21 гоол оруулж, 20 оновчтой дамжуулалт өгсөн.
Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Месси хэсгийн шатанд хоёр гоол хийж, хасагдах шатанд шалгарч, Австрали, Голланд, Хорватын эсрэг гоолдож, дараа нь финалд шалгарсан.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)