Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн тоглолтууд ирэх сарын 3-ны өдөр эхэлнэ. Гэвч Монголын сагсанбөмбөгийн холбоо "тамирчдын эрх ашиг"-ийг бодитоор бодсон шийдвэр гаргаж чадсангүй.
Холбоо холбоондоо туньж, дунд нь тамирчид хохирох нь.
МВА-ийн мэдэгдэлд дурдсанаар нэг ёсны "оролцохгүй" гэсэн эздийн багийг тайтгаруулах мэт гишүүдийг солих боломжийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хэмээн зааж өгчээ. Тэд нэгэнт Хөгжлийн лигээс явцын үнэлгээг харгалзан үзээд таван багийг сонгож, "хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх"-ийн үлгэрээ эхлүүлсэн тул шийдвэрийг буцаах боломжгүй хэмээх байр суурьтай байна.
Эл асуудал нь "Мэргэжлийн сагсанбөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо"-ноос Монголын сагсанбөмбөгийн холбоонд тус тэмцээний зохион байгуулалт нь оролцогч талуудын тэгш эрхийг хангах зарчмыг баримтлаагүй гэх үндэслэлээр албан шаардлага хүргүүлсэнтэй нягт холбоотой. Тодруулбал, нэг багийн улирлын төсөв 1-2 тэрбум төгрөгт хүрч, зардал эргэн нөхөгдөхгүй байгаа тул багууд байх эсэх нь эргэлзээнд хүрчээ. Иймд тоглолтын тасалбар борлуултын орлогыг багууд болон тамирчдад хуваарилахгүй байгааг шударга бус зүйл хэмээн үзэж, 8 шаардлага бүхий албан бичгийг хүргүүлсэн юм.
Харин сагсанбөмбөгийн холбооноос "боломжгүй" гэх утга бүхий хариуг энэ сарын 23-ны өдөр өгсөн байна. Дахин албан ёсны тайлбар хийхдээ,
"МСБХ нь хувь хүн, бүлэглэлийн богино хугацааны эрх ашигт хөтлөгдөж, хамтарч тогтоосон зарчим, тохирсон гэрээ хэлцлийг үл ойшоох үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн эрх ашигт нийцүүлэн оролцогч бүх талын эрх ашгийг хангасан дүрэм журам, тохирсон гэрээ хэлцлийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулах институт хэлбэрээр хөгжих ёстой гэдэг итгэл үнэмшил, зарчим дээр бат зогсохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Үүнд тамирчдыг ёс болгож дурдсан нэг л өгүүлбэр бий. Тэр нь "МСБХ-оос лигийн бүх орлогыг тамирчдад хуваарилна" гэсэн байна. Гэвч сагсанбөмбөгчид лигтээ тоглохыг л хүсэж буй.
Эздийн холбоо нь тамирчидтай зөвшилцөлгүйгээр, өмнөөс нь шийдвэр гаргаж, холбоо хоорондын ан цав томров.
Энэ асуудалтай холбоотойгоор BCH Гарьд багийн тоглогч Э.Дөлгөөн цахим хуудсаараа дамжуулан холбоог шийдвэрээ эргэн харж, эв нэгдэлтэй байж, дэвшин орж буй багийг шударга өрсөлдөөнөөр лигт орохыг уриалжээ.
Үндэсний Дээд лигийн гал гарсан тоглолтуудыг үзүүлэх тамирчид оролцож чадахгүй нөхцөл байдал үүсээд буйд сагсанбөмбөг сонирхогчид ч бухимдалтай хандаж буй.
Хөгжиж буй Монголын сагсанбөмбөг замаасаа алхам ухрах уу гэдгийг харах үлджээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)