Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн тоглолтууд ирэх сарын 3-ны өдөр эхэлнэ. Гэвч "Мэргэжлийн сагсанбөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо"-ноос Монголын сагсанбөмбөгийн холбоонд тус тэмцээний зохион байгуулалт нь оролцогч талуудын тэгш эрхийг хангах зарчмыг баримтлаагүй гэх үндэслэлээр албан шаардлага хүргүүлээд байсан юм.
Тодруулбал, багуудын чансаа сайжирч, гадаад дасгалжуулагчид, тамирчдын цалин хөлс, урсгал зардал, хангамжууд зэрэг төсөс нэмэгдэж буй юм. Үүнтэй холбоотойгоор нэг багийн улирлын төсөд 1-2 тэрбум төгрөгт хүрч буй аж. Харин эл зардлууд эргэн нөхөгдөхгүй байгаа тул багууд байх эсэх нь эргэлзээнд хүрчээ. Иймд тоглолтын тасалбар борлуултын орлогыг багууд болон тамирчдад хуваарилахгүй байгааг шударга бус зүйл хэмээн үзэж, 8 шаардлага бүхий албан бичгийг хүргүүлсэн юм.
Үүнтэй холбогдуулан шаардлагын хариуг өгөхөөс нааш "Тэнүүн Өлзий Металл" тэргүүтэй таван баг Дээд Лиг болон холбооноос зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдтэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос "боломжгүй" гэх утга бүхий хариуг энэ сарын 23-ны өдөр өгсөн байна.
Гэтэл сагсанбөмбөгийн тамирчдын "Ирээдүй" холбооноос эздийн холбоо нь тамирчидтай зөвшилцөлгүйгээр, өмнөөс нь шийдвэр гаргасан гэх утга бүхий мэдэгдлийг гаргасан юм. Ийнхүү анхлан шаардлага хүргүүлсэн холбооноос гурван талт хэлэлцээр хийх саналыг Сагсанбөмбөгийн холбоонд өнөөдөр (2023.10.27) хүргүүлэв.
М.Жаргал