Бразилын шигшээ багийн мэргэн бууч Неймар 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатнаа Уругвайн эсрэг тоглох үедээ зүүн өвдгөө тэвэрч, нулимс дуслуулан талбайг орхисон юм. Тэрбээр тоглолтын үеэр өвдөгнийхөө шөрмөсийг цуулж, улмаар хагалгаанд орох шаардлагатай болжээ.
Неймар 2014 оны ДАШТ-ий тэмцээний шигшээ наймын шатнаа Колумбын багтай тоглохдоо нуруугаа бэртэж, улмаар хагас шигшээд Германы багт 7:1-ээр хожигдсон тоглолтод оролцож чадаагүй юм. Харин 2018 оны эхээр шилбэний ясаа гэмтээж, ДАШТ-д түрүүлэх мөрөөдөл нь ахин дөрвөн жилээр хойшилсон. Тэрбээр 2019, 2021 онд мөн өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр ч бэртэж байсан.
Уругвайн шигшээ баг эл тоглолтод 2:0-ээр хожиж, 2001 оноос хойших хугацаанд Бразилын багийг анх удаа ялсан юм. Харин Бразилчууд хаалга оносон цохилт ч гүйцэтгэж чадалгүй тоглолтыг өндөрлүүлж, 2015 оноос эхлэлтэй 37 дараалсан ДАШТ-ий урьдчилсан шатан дахь хожигдолгүй цувралаа зогсоолоо.
31 настай Неймарын хагалгаанд орох өдрийн тов эцэслэн батлагдаагүй байна. Түүнийг хэвийн формдоо эргэн ирэхэд найман сар шаардагдана хэмээн үзэж, ямар боловч ирэх зун Америкт явагдах Копа Америка тэмцээнд тоглоно гэж найдаж байна.
Неймар инстаграм хуудаснаа "Амьдралынхаа хамгийн гунигтай мөчтэй нүүр туллаа. Ийм үед гэр бүл, найз нөхдийн дэм илүү шаардлагатай болж байна. Гэмтэл, хагалгааг давна гэдэг амаргүй. Дөрвөн сарын дараа энэ бүхний ард гарлаа гэж бодоход дахин формоо олох гэж хичнээн цаг хугацаа алдахыг төсөөлж ч чадахгүй нь ээ" хэмээн бичжээ.
Шигшээ багийнхаа төлөө 129 тоглолтод оролцохдоо 79 гоол оруулж, Бразилын бүх цаг үеийн мэргэн буучаар тодроод буй Неймар Катар дахь ДАШТ-ий үеэр бэртсэнээсээ ердөө гуравхан сарын дараа ахин эмнэлгийн орон дээр хэвтэхээр болж байна.