УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн бухимдал өндөр байгаа, гэхдээ нөхцөл байдлын талаарх бодит мэдээлэл, судалгаатай нийтээрээ танилцсаны дараа шийдлийг зөвшилцөх нь зөв гэдэг байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлэв.
Тиймээс сонсголд иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг санал болгосон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр Монгол Улсын иргэн бүр үүрэг хүлээж, оролцоотой байх ёстой, нэг нь нөгөөгөөсөө шаардах байдлаар хандаж болохгүй гэв.
Улсын Их Хурал нээлттэй сонсголуудыг зохион байгуулдаг болсныг С.Бямбацогт гишүүн тэмдэглээд, сонсголын товтой холбоотой санал хэлсэн. Түүнчлэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, оролцоо онцгой чухал гэдгийг анхаарах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тогтоолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тусгасан байна. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.