Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монгол Улс 1,2 сая хүүхэдтэй. Энэ нь нийт хүн амын 36,2 хувь. Үүнээс нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд нийт хүүхдүүдийн 36 орчим хувь, хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76 мянга, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14 мянган хүүхэд байна.
Цар тахлын үед эдгээр тоон үзүүлэлтүүд нэмэгдсэн. Манай улс 2016 онд хүүхэд хамгааллын тухай хуультай болсон. Хүүхдийн эрхийн тухай хэмээх тунхагийн шинжтэй хуультай байсан.
Хуулийг шинэчлэн батлаад хүүхэд хамгааллын асуудал өргөс авсан юм шиг шийдэгдэхэд амаргүй.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд, 23 хувь нь боловсролын байгууллага, үе тэнгийн орчинд үйлдэгдэж байна.
Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг жилд 700-1500, хүүхэд хохирогч болсон тоон үзүүлэлтүүд 1000-2000 байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо огт буурахгүй байна. 2022 онд гэхэд 370 орчим болж өссөн.
Энэ оны эхний есөн сарын байдлаар хүүхдийн мэдээллийн 108 утсанд 70 мянга орчим дуудлага ирсэн. Үүний талаас илүү хувь нь зорилтот дуудлага байдаг. Сүүлийн үед хүүхэд хүүхдээ, хөрш нь тухайн хүүхдийг хамгаалж дуудлага өгдөг болсон нь сайн хэрэг.
21 аймаг 9 дүүрэгт түр хамгаалах байртай болсон. Улсын хэмжээнд 33 асрамжийн төвд 1000 гаруй хүүхэд өсөн торниж байна. Энэ бол манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд харьцангуй өндөр тоо юм. 2016 оны хуульд алдаа, оноотой зүйлс байсан. Эрсдлийн үнэлгээг хийхээр хөрөнгө оруулалтыг шийддэггүй.
Төрсний гэрчилгээтэй зэрэгцсэн хүүхэд хамгааллын цахим системтэй болно.
Ирэх оны хүүхэд хамгааллын төсвийг 14.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)