Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болох “Бүс ба зам” санаачилга олон улсын хамтын ажиллагааны хуралдаанд оролцоно. Энэ үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр байгуулахаар хоёр талаасаа тохирсон. Хятад улсын төрийн байгууллагын холбогдох шийдвэрүүд гарсан. Монгол талаас бэлтгэл ажлууд хийгдсэн.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн нийт өртөг болох 266 сая ам.долларын 95 хувь буюу 253 сая ам.долларыг БНХАУ-аас зээлнэ.
Зээлийн хугацаа 20 жил, зээлийн хүү хоёр хувь. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлж эхэлнэ. Ийм нөхцөлтэй хэлэлцээрт миний бие гарын үсэг зурна.
Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
"Миний бие Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй сар гаруй хугацаанд уулзаж амжаагүй явна. Гэтэл санаатай, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээсэн байна лээ.
Сүүлийн үед хуурамч хаягаас миний эсрэг гүтгэлгийн мэдээллүүд оруулаад байгаа. Тиймээс өмгөөлөгч авч байгаа.
Ирэх долоо хоногоос хуулийн байгууллагад хандана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)