Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдаанууд болж буй. Тэгвэл эхний шатны эхний дүйзэд барилдсан багуудаас хэн хэн уналгүй тав давсан бэ?
Тэмцээний салхийг хагалж, Ховд аймгийн баг Дундговь аймгийн багийг буулган авсан. Тэдний багаас Аймгийн арслан Ц.Төмөрцоож, Б.Баяржавхлан нар нэг ч уналгүй таван даваа авав. Сэлэнгэ аймаг Тува улсын багтай оноолт таарахад Тувагийн багийн лидер Аймгийн заан Монгуш Айдын нэг ч уналгүй тав давлаа.
Дараагаар нь Орхон аймгийн баг Улаанбаатар хотын хоёрдугаар багтай оноолт таарахад Орхон аймгийн багаас Улсын начин Ө.Батзул, Аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар таван даваа авав. Харин Хөвсгөл, Говь-Алтай аймгийн багуудын барилдаанаас Улсын начин Б.Даваа-Очир таван давааг авчээ.
Хэнтий, Говьсүмбэр аймгийн багийн барилдаанаас Аймгийн арслан Д.Аззаяа тав давжээ. Хоёр өдрийн өмнө болсон Өмнөговь, Дархан-Уул аймгийн барилдаанаас Улсын заан Ц.Одбаяр, Аймгийн заан С.Доржпалам нар таван даваа түүжээ.
Ингээд эхний дүйзээс нийт есөн бөх уналгүй тав давсан амжилтыг үзүүлээд байна.
Л.Сайнаа