ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах" зэрэг холбогдох хуулийн төслийг өнгөрсөн даваа гарагт урьдчилсан байдлаар УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцуулсан билээ. Энэ үеэр хэд, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дурдсан юм. Үүнд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдад хүнд, хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох зэргээр хуулийг чангатгах тухай дурдсан.
Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 450 мянгаас 15 сая хүртэл төгрөгөөр торгож, зорчих эрхийг хязгаарлаж, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлнэ. Мөн 1-5 жилийн хорих ял оноох аж. Өргөн барьж буй тухайн хуулийн төслийн заалтыг эсэргүүцэх нэг хэсэг, дэмжих нэг хэсэг байна.
Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар авто ослоор 228 хүүхэд амиа алдсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 151,212 үүнээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагдсан гэх мэдээлэл бий. Мөн зам хөндлөн гарч байсан хүүхдүүд хохирч, нэг нь амьсгал хурааж, нөгөө нь үүрдийн шархтай үлдэв.
Та жолооны ард суусан цагаас эхлэн хүн бүрийн өмнө хариуцлага үүрч буй иргэн болно. "Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол замын хөдөлгөөнд оролцохгүй байж, хууль дүрмээ мөрдчихвөл хуулийн бодлогын чанга, хатуу нь эрхэм жолоочид мэдрэгдэхгүй. Харин согтуу жолоочоос болж үр хүүхэд, хань ижил, аав ээжийгээ алдсан хүмүүс л хүнд хэцүүг нь үүрдэг. Бүх зүйл болоод өнгөрсний ард харамсаж суухаар хийхээсээ өмнө бодох хэрэгтэй.
Хуулийг чангатгаж байгаа нь нэг талаараа "торгоод л өнгөрнө", "гайгүй байх" зэрэг тоомжиргүй үйлдлийг зогсоох талтай. Хуулийг мөрдөх нийт иргэний "үүрэг" билээ.
Түүнчлэн "согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хөнгөн гэмтэл учруулсан гэх хоёр үйлдэл зөрчил биш гэмт хэрэг" болно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд яриандаа дурдсан. Тус хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ямар ч судалгаагүй попорч хууль хийж байна. Хууль тогтоомжийн хуулийн дагуу судалж, олон нийтийн хэлэлцүүлэг, мэргэжлийн хоёр эсвэл гурван байгууллагаас санал авах ёстой. Буудаж ална гээд хэлчихвэл амар. Хэн үхэхэийг хүсэх юм" хэмээн ярьжээ. Тухайн хуулийг өргөн барих шатандаа явж байна. Гэхдээ тухайн төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулж болно, УИХ-аар дэмжихгүй ч байх магадлалтай.
Согтуугаар жолоо барихаа л болих асуудал. Уусан бол машин барихгүйгээр гэртээ харих олон зам бий шүү дээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)