УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт "Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэлд авах тодорхой арга хэмжээний талаар энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон". Харин өнөөдөр эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр бүлийн шүүх байгуулах зэрэг хуулийн төслийн талаар АН болон МАН-ын бүлэгт танилцуулж, бүлэг зарчмын хувьд дэмжсэн. Улмаар лхагва гарагт болох ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, хойшлуулахгүйгээр УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Хуулийн хүрээнд дөрвөн багц асуудал яригдана. Үүнд,
- Ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
- Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
- Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой Шүүх байгуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
- Шүүх байгуулах хуультай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтүүд:
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
-Бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.
Нэг зарчмын шинжтэй өөрчлөлт хийх санал. Бага насны хүүхэд гэх насны ангилалыг 16 нас болгон нэмэгдүүлэх. Үүнийг 1984 оноос хойш өөрчилж байгаагүй.
14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оногдуулдаг байсан бол 12-25 жил болон бүх насаар хорих ялтай болно.
14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оногдуулж байгаа бол 12-25 жилийн хорих болон бүх насаар хорих ял оногдуулна.
Бага насны хүүхдийн эрсэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял үйлчилж байна. Харин шинэчилсэн хуулийн төсөлд 2-8 жилийн хугацаатай болгож, тэнсэхгүй. 14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оноож байгаа. Тэгвэл үүнийг 12-20 жил болон бүх насаар нь хорих ял оноодог болно. Мөн хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулсан. Үүнд 2-8 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй.
16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, эсвэл бүх насаар хорино.
Цаашид согтуу жилоочид оногдуулах торгуулийн ялыг болиулж, уусан хэмжээнээс үл хамаарч гэмт хэрэгт тооцон 1-5 жил хорино.