ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор, профессор Б.Отгонтөгс дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ирэх оны төсвийн нийт зардлыг өмнөх оныхоос 5.1 их наяд төгрөгөөр нэмж, 27 их наяд төгрөг болгожээ. Үүнийг сонгуульд зориулсан төсөв гэж дүгнэж болохоор байгаа юм. УИХ өнгөрсөн тавдугаар сард 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Гэвч 2024 оны төсвийн төсөл энэ мэдэгдэлтэй тохирсонгүй. Энэ мэдэгдэлд ирэх оны төсвийн орлогыг 21 их наяд, зарлагыг 22.1 их наяд төгрөг байна гэжээ. Гэтэл хуулийн төсөлд орлогыг 25.2 их наяд, зарлагыг 27.1 их наяд төгрөг гэж тусгасан. Ингэж тус бүр 19 хувиар нэмжээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ. Төсвийн сахилга бат сул байгааг дахин харууллаа.
Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, тэтгэмжийг арван хувиар нэмэх юм байна. Энэ бол сонгуульд зориулсан арга хэмжээ. Учир нь сонгуулиас хоёр сарын өмнө хэрэгжиж эхэлнэ. Энэ нэмэгдлүүд дунд хугацаандаа төсөвт ихээхэн дарамт болно, төсвийн урсгал зардал нэмэгдэнэ. Мөн нийт иргэдийн худалдан авах чадварыг таван хувиар бууруулна.
Ирэх оны хөрөнгө оруулалт 3.8 их наяд төгрөг. Энэ оныхтой харьцуулбал 20 хувиар нэмэгдсэн байна. 2022 оныхоос 2.3 дахин их дүн. Төсвийн хөрөнгө оруулалтыг ингэж нэмэх нь гадаад өрийг нэмнэ. Сонгуулийн тойргоо усалдаг системээ ирэх оны төсөвт хэвээр нь үлдээсэн байна. Хувийн хэвшил зээл авах, бизнесээ тэлэх боломжийг хязгаарлан, төрөөр, төсвөөр дамжуулан ажил гүйцэтгэх байдалд хүргэжээ" гэв.