Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс пара тамирчдад “Допинг, түүний хор нөлөө” сэдвээр сургалт зохион байгуулав.
Сургалтад “Ханжоу-2022” Азийн зуны пара спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчин, дасгалжуулагчид хамрагдлаа. Тамирчид Азийн наадамд оролцохоос өмнө өөрсдийн одоо хэрэглэж буй эм бэлдмэлээ мэргэжлийн эмч нарын туслалцаатайгаар шалгуулж, цаашид хэрэглэж болох эсэхээ мэдэж авчээ.
Энэ үеэр тэмцээний болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон хориотой эмийн бүх бодисыг таниулахын сацуу хүний биед ямар хор нөлөөтэй болохыг заасан байна.
Допинг нь хэрэглэснээс хойш хэсэг хугацааны дараа биеийн хүчний чадварыг бууруулж, логик сэтгэлгээний доройтол, зан төлөвийн өөрчлөлтийг бий болгодог болохыг эрдэмтэд баталсан. Сургалтыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний АУА-ны их эмч Ш.Болормаа удирдан явуулсан байна.