Засгийн газраас энэ оныг “Авлигатай тэмцэх жил” зарлаж, 5Ш ажиллагааг явуулж буй. Үүний нэг болох "Шувуу" ажиллагаагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филлипин улсын Сэбү хотоос баривчилж, эх оронд нь авч ирсэн. Ийнхүү түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ.
Харин шүүхээс Т.Бадамжунайг хоёр сар орчим цагдан хорьсны эцэст өнгөрөгч долдугаар сард сулласан юм. Гэвч тэрбээр суллагдсныхаа дараа тархиндаа цус харваж, шуурхай III эмнэлэгт хүргэгдсэн гэх.
Тэгвэл өчигдөр (2023.10.05) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд томилгоо танилцуулах үеэрээ "Т.Бадамжунайгийн гэр бүлээс өшөө авна гэдэг зурвас сүүлийн үед олон хүнд ирсэн. Мөн Х.Нямбаатар сайдад ч ирсэн байх. Хувь хүний хувьд ингээд яваад байх төвөгтэй. Наад суудал чинь үүрдийн биш ээ гэх зурвас бичдэг. Энэ ч үнэн" хэмээн "сүрдүүлгийн шинж чанартай зүйлс ирж байна" гэх утга бүхий зүйл ярьсан юм. Ингэж хэлснээс төд удалгүй зурвас нь ил болов.
Харин тус мессежийг бичсэн Т.Бадамжунайн охин "Өшөө авна" гэж бичээгүй, "Чамаас болж миний аав харвачихлаа... Хэрэв миний аав ингээд үхвэл амийг нь чамаас нэхнэ" гэж бичсэн гэдгээ хэвлэлд ярьжээ.
Гэвч гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй үед улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн рүү "амь нас нэхэх" утгатай зүйл бичээд сууж байх нь хэр зүйд нийцэх вэ.
Гэм бурууг хууль хяналтын байгууллага тогтоож, гэм бурууг хуулийн хүрээнд л ярьдаг билээ. Тухайн хүн хэн байхаас, байснаас үл шалтгаалан хуулийн дор орших ёстой биш билүү?
Сэтгэгдэл (6)