УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд Хот болон зарим сайд нарын томилгоотой холбоотой шийдвэрээ танилцууллаа. Харин яг одоо Хотын дарга болон Хот хариуцсан сайд, Хууль зүй дотоодын хэргийн сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Засгийн газар зургаан сарын хугацаанд нийслэлийн угжирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарна
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хотын дарга болон сайд нарыг томилох тухай шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "Зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн угжирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаар боллоо.
Хотын ерөнхий төлөвлөгөө, урт болон дунд, богино хугацааны төлөвлөлт, хот байгуулалтын бүтэц зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, газрын харилцаа зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлнэ. Тус зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даалгах ёстой гэж үзсэн.
УИХ-ын эрхэм гишүүд ээ, Үндсэн хуулийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор танилцуулж байна. Тэрбээр төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байсан, УИХ-ын хууль зүйн байнгын хороог даргалж байсан туршлагыг чухалчилж үзлээ.
Нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлагыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаал Б.Дэлгэрсайханыг танилцуулж байна. Нийслэл хот бол цогц асуудал юм. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх гүүр болох, төвлөрлийг аж үйлдвэр эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан туршлага, хувийн хэвшилд авто зам, төмөр замыг удирдаж байсан хувь хүний амьдралын харгалзан үзэж тус албанд тохирно гэж үзлээ" гэв.