ХНХ-ын сайд Х.Булгантуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хүүхдийг эсэн мэнд олдоосой, эрүүл саруул байгаасай гэж сэтгэл зовнин ажиллаж байна. Монгол Улс 1,2 сая хүүхэдтэй. ХНХЯ, хүүхэд хамгааллын байгууллага хүүхэд хамгааллын асуудлыг шийдвэрлэж оролцохоос гадна БШУЯ, ЭМЯ, ЦЕГ, олон нийт бүгдээр энэ асуудал дээр хамтран ажиллах хэрэгцээ шаардлага бий.
Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэмт хэрэгтний зургийг олон нийтэд цацаж, зарладаг болъё.
Хүүхэд болгоныг цахим хувийн хэрэгтэй болгоно. Улмаар эцэг эх нь зөрчил үүсгэсэн тохиолдолд тухайн хүүхдийн хувийн хэрэгт мэдээлэл орох боломжтой гэсэн үг.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг бол өнөөгийн нийгмийн хар сүүдэр.
Сүүдэртэй нь тэмцэхээс гадна ядуурал, архидалт зэрэгтэй тэмцэх ёстой. Хүүхэд өөрийгөө хамгаалахад техник технологийн дэвшлийг ашиглах нь зүйтэй. Улсын хэмжээнд хүүхэд хамгаалах байранд 1,000 хүүхэд байна.
21 аймагт салбартай ч суманд мэргэжилтэн байхгүй. Хөдөө орон нутагт малын асуудал хариуцсан 5 хүн байдаг мөртлөө хүүхэд хамгааллын мэргэжилтэн байдаггүй. Аймгаас мэргэжилтэн очих гэсээр байтал тухайн асуудал даамжирчихдаг. Манай салбарын мэргэжилтэн дулимаг.
Хүүхэд хамгааллын хуулийг ХНХЯ-аас шинэчлэн боловсруулсан, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Намар өргөн барина гэж төлөвлөж байсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жилийн 8 тэрбумын төсвийг хуваагаад үзвэл монголын нэг хүүхдэд оногдож байгаа жилийн төсөв 5,000 төгрөг.
ГБХЗХГ-ыг зөвхөн хүүхэд хамгааллын чиглэлд ажиллах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 2024 онд төсвийг нь 14 тэрбум төгрөг болгоно.
М.Жаргал