2030 оны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь түүхэнд анх удаа уг тэмцээнийг зохион байгуулсны 100 жилийн ойд зориулан гурван өөр тивийн зургаан улс хамтран зохион байгуулна гэж ФИФА лхагва гарагт мэдэгдлээ.
Испани, Португал, Марокко зэрэг улсууд тэмцээнийг хамтран зохион байгуулах бол Уругвай, Парагвай, Аргентин улсууд ДАШТ-ий 100 жилийн ойн хүрээнд тус бүр нээлтийн тоглолт хийх юм. 1930 оны тэмцээнийг Уругвай зохион байгуулж, түрүүлсэн байдаг учир тус улсад зохион байгуулах нь зүй ёсны хэрэг билээ.
1930 онд Уругвайд анх удаа зохион байгуулагдаж байсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ойг ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхийн хөлбөмбөгийн холбооны зөвлөл санал нэгтэй зөвшөөрөв.
Зохион байгуулагч зургаан орны баг бүгд шигшээ багуудын тоонд багтах эрхээ автоматаар авах бөгөөд ФИФА тэмцээний эхний тоглолтыг Монтевидео хотын Эстадио Сентенарио цэнгэлдэх хүрээлэнд, тэмцээний түүхэн дэх анхны шигшээ тоглолтын талбай дээр хийх ажээ.
Л.Сайнаа