Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд зам тээврийн осол төдийгүй бусдын гарт амиа алдах, сураггүй алга болох зэрэг олон гэмт хэргүүд шил даран гарч, олон нийтийг сэртхийлгээд байна. Гэтэл төрд буй хүмүүс хөшөө шиг та дуугүй агаад хөдөлгөөнгүй орших юм.
Одоогоос хэдхэн сарын өмнө Засгийн газраас "Шүгэл" ажиллагаа эхэлснийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа дуугардаггүй "шүгэл" төслөөрөө нээн зарлаж байв. Тухайн үед шүгэл авч өгвөл хүүхдүүдээ гэмт хэргээс хамгаалж чадна гэх утга бүхий зүйл ярьж байлаа. Шүгэл ажиллагаа бол аливаа буруу үйлийг илчлэх, эсэргүүцэх хөдөлгөөн шүү дээ.
Х.Булгантуяа сайд аа, гарцаар зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг машинаар дайран гэмтээж, нэгийнх амь нас үрэгдэхэд таны шүгэл дуугараагүй. Хоёр хүүхэд цонхоор унаж амиа алдахад таны шүгэл мөн л дуугараагүй. Өнөөдөр Дорноговь аймагт сураггүй алга болсон охин гэмт хэргийн золиос болсон байж болзошгүй байдалтай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад таны "шүгэл" бас л дуугарсангүй.
УИХ-ын гишүүд ээ, та бүхэнд харах ёстой ирээдүй байгаа бол тэр нь хүүхдүүд. Та бүхэнд усалж өндийлгөх ёстой үр үндэс байгаа бол тэр нь хүүхдүүд. Тойргийнхоо төлөө биш бүх нийтийн төлөө ШҮГЭЛ үлээдэг байя.
Сэтгүүлчдийн өмнө шүгэл үлээх гэж оролдсон шиг ээ, парламентын танхимдаа шүгэл үлээнэ үү.
Нийгмийн хамгааллыг гагц халамжаар төсөөлдөг. Гэтэл эцсийн дүндээ хүний л төлөө гаргасан бодлого чиглэл байдаг. Үүн шиг хүүхэд хамгаалал нь хүн бүхэнд хамааралтай, хүн бүхний оролцоо зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаа юм. Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэхэд чиглэсэн санаачилга, бодитой үйл хийгээсэй.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд дорвитой ажил хийдэггүйг эл хэргүүд нотолж байна. Хүүхэд, залуучуудын дунд соёл урлаг, спортын арга хэмжээ л зохион байгуулдаг төдий газар биш юмсан. Гэтэл аймгуудад яг ямар хөтөлбөр, санал санаачилга гаргаж ажилласан нь тодорхой бус нэг байгууллага байх. Хүүхдийн төлөө медаль цохиулж суухаар, хаана хаанаа "шүгэл үлээсэн шиг үлээж", хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулцгаая.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)