Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны гурав дахь өдөр Сэлэнгэ аймаг, Тува улсын багууд учраа тааран барилдсанаас Сэлэнгэ аймгийн баг 16:9-өөр эхний тойргийн ялалтаа авлаа.
Сэлэнгэ аймгийн багт улсын заан Н.Жаргалбаяр /2/, улсын начин Н.Баярбаатар /4/ аймгийн хурц арслан Д.Төрболд /4/, аймгийн арслан Б.Ганбаяр /4/, аймгийн заан С.Оргилбаатар /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Э.Алтанбаяр /1/ нийт 16 даваа авсан бол Тува улсын багт Тува улсын бөх, аймгийн заан Монгуш Айдын /5/, Тува улсын бөх Кара Сал Седен Очур /0/, Тува улсын бөх Сайын Белек /2/, Тува улсын бөх Куулар Мөнгө – Эртэни /2/, Тува улсын бөх Самдан Бади Маадыр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан Тува улсын бөх Туметей Ширижик /0/ нийт 9 даваа авчээ.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.
Мөн Кореа Оптик Монголиа ХХК-ний захирал Довдонгийн Гантөмөр Тува улсын бөхчүүдийг дэмжин ивээн тэтгэж оролцсон бөгөөд тав барилдаж, тав давсан Тува улсын арслан, энэ жилийн Багахангай дүүргийн үзүүр бөх, аймгийн заан Монгуш Айдынд “Уран барилдааны шагнал” 500.000 төгрөгийг гардуулсан юм.
Өнөөдрийн барилдаанд Сэлэнгэ аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцаэга Б.Одгэрэл, Тува улсын багийн дасгалжуулагчаар Сынан-Оол Алаш нар ажилласан юм.
Нөгөөдөр буюу 10-р сарын 06-ны орой 19:45 цагаас Орхон аймгийн баг Улаанбаатар хотын 2-р багтай барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО