БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадам өндөрлөх дөхөж байна.
Өнөөдөр энэ наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ тулаанд Тайванийн тамирчин, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чу Эн Лайныг ялж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн анхны алтан медальтан болж, 13 дахь медалийг эх орондоо авчирлаа.
Түүнчлэн Б.Чинзориг Азийн наадамд түрүүлсэн Монголын гурав дахь (2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар түрүүлсэн) боксчин болсон тэрбээр тус наадмын хос медальтай Монголын анхны боксчин болж байна.
Манай улсын баг тамирчид “Тегран-1974” Азийн зуны спортын наадамд анхлан оролцоход боксын 60 кг-ын жинд С.Гомбо мөнгө, 54 кг-ын жинд Б.Ганбат хүрэл медаль хүртэж байв.