Өнөө жилийн Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчийн хоёр шинжилгээний хариу эерэг буюу допинг хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Үүний араас АТГ-аас “Монголын үндэсний допингийн эсрэг төв”-ийн Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон эмнэлэгт, мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрт нэгжлэг хийсэн. Энэ үеэр Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн 28 ширхэг допингийн хүнд төрлийн бэлдмэлийг илрүүлсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ цаг үед бөхчүүд, спортын хүрээнийхнийг төлөөлж цөөнгүй хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг тоймлон хүргэе.
Улсын аварга О.Хангай
Энэ допингийн эсрэг үндэсний төвийн хүмүүс допингтой нөхдүүдтэй хуйвалдаж дардаг байсан болохоос, допинггүй хүнийг допингтой болгож хоролдог газар биш !!! Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.
Улсын начин Б.Ганхуяг
Та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе дандаа л Допингийн Эсрэг Допингийн тухай бичиж яриад та бүхнийг залхааж байгаа даа хүлцэл өчье.
Ярихгүй бичихгүй байж болохгүй байна бид түүхээ судлах унших хэрэгтэй өнөөдөр жалга довны явуургүй үзэл санаа дээд цэгтээ хүрлээ үүнийг эхлэл хаанаас эхлэв бид ийм байх нь хэнд ашигтай вэ гэх мэтчилэн мэдэх, бодох зүйл бидэнд маш их байна.
Мэдээж хүн болгонд төрж өссөн нутаг ус сайхан дурсамжууд хүүхэд ахуй он цаг гээд эргэж ирэхгүй сайхан дурсамж төрж өссөн нутгаа гэх хайрлах дээдлэх сүслэх сэтгэл байлгүй яахав гэхдээ бид явж явж Монгол хэмээх ганцхан үндэстэн ард түмэн үүнийгээ сайн ойлгох хэрэгтэй.
Эрх мэдэлтэй хүмүүст хандаж хэлэхэд Допинг хэрэглэж амжилтад хүрсэн бөхийг энэ манай нутгийн бөх миний нутгийн бөх том цолтой юм энэ минь ч тэр минь ч гэж, энэ бүх булхай илэрвэл Монгол бөхийн нэр хүнд унана утгаа алдана ч гэдэг юм уу өөрсдийнхөөрөө бүү дүгнэж хамгаалж хаацаалаарай хэмээн гуйж байна.
Уучлаарай Монгол Үндэсний бөх мянга мянган жил зуу зуун жилийн настай түүхтэй юм аа .
Сүүлийн хорин жил, гучин жилийн энэ гажуудал шударга бус тогтолцоо булхай луйвар ил болох хэдэн хүний нэр сүрээр Монгол Үндэсний бөхийг хэмжих харах боломжгүй харин та нарын алсын хараагүй хариуцлагагүй сайхан сэтгэлээс чинь болж өнөөдрийн Монгол Үндэсний бөх ийм байдалд орчихсон байгааг ойлгоорой.
Та эрх мэдлээ ашиглан буцар булхайг дараад өнгөрч магадгүй чадах байх гэвч энэ бол ганцхан бөхийн асуудал биш энэ бол өрсөлдөгч тамирчныхаа хувь заяаг дээрэмдэж нэгнийхээ хүч хөдөлмөрийг үгүй хийж байгаа зүйл цаашлаад Монгол Бөхчүүдийн Монгол Үндэстний тусгаар тогтнол Үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал хүн төрөлхтний хамгийн адгийн гэмт хэрэг бол спортын шударга бус өрсөлдөөн мөн.
Тэгэхээр та бүхэн минь энэ удаа ядаж савраа татаж асуудлыг үнэн мөнөөр нь дэлгэж тавихад битгий саад болоорой эцсийн эцэст бид хөх толбот ганцхан Монгол үндэстэн Монгол ахан дүүс эвтэй үедээ бидний өвөг дээдэс Дэлхийг хурааж явсан баатарлаг тэнгэрлэг өв дээдсийн үр сад билээ. Зөвд зөөлөн бурууд хатуу байгаарай. Мөнх тэнгэр та биднийг ивээх болтугай.
Улсын начин Д.Цэрэнтогтох
Д.Цэрэнтогтох начины допингийн шинжилгээний шээсийг сольж байсан гэх хүн түүн рүү доорх зүйлсийг бичжээ. Уг хүн Допингийн үндэсний төвийн ажилтан бөгөөд нэрийг нь нууцалсан байна.
Сэтгүүлч Б.Шижирбат
Спортын сэтгүүлч С.Шижирбат: Шээстэй сав солих боломжтойг бөхийн ертөнц мэднэ, олон жил яригдаж байгаа зүйл дээ. Өмнөөсөө өөр хүн шээлгээд допинг илэрцэн жишээ ч бий шүү дээ. Яаж сольдог вэ, боломжтой вэ? гэдгийг хэлсэн хүнд шагналтай. П.Сайнзоригоо би чамд допингийн талаар лекц оръё. Та нар наадмын допингийн шинжилгээ авахдаа процессын 4 алдаа гаргасан… М.Бадарч нь байна уу, хэн нь байна уу ялгаагүй Монголын спортын арбитрын шүүхэд хандана. Илэрхий факттай алдаануудтай учраас шүүхэд М.Бадарч ялна…
"Гүндүүгүй яриа" нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Жаргалсайхан
"Би Сүхээг авчих уу?"
2023 оны 7 сарын 12-ны орой...
Архангайчууд төрийн наадмын түрүү хүртэж, шинэ арслантай, харцагатай, начинтай наадсан хачин сайхан үдэш байлаа.
Бөхийн барилдаан дуусгаад төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор өндөрлөмөгц Архангайчууд түрүү бөхөө угтаж аваад баяраа тэмдэглэхээр нутгийнхаа хүний ажиллуулдаг нэгэн ресторанд очлоо. Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй Архангайн бөхчүүд, Бөхбилэгт дэвжээний удирдлагууд, бөхдөө сэтгэл зүтгэл гаргадаг олон л хүн тэнд цугласан байлаа. Тэд бүгд л баяр баясалдаа умбачихсан ёстой л нэг магнайгаа хагартал баярлацгаасан улс байсан даа.
Тэрхүү баярт үдшийн үйл ажиллагааг жүжигчин Цоомоо ах хөтлөн явуулж, Бөхбилэгт дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат нээн үг хэлснээр дэвжээний багш, удирдлагууд ээлж дараалан сэтгэгдлээ хэлж, дундуур нь нутгийн уран бүтээлчид ая дуугаа өргөсөн шиг сайхан баярлацгаасан.
Тийнхүү баярлан цэнгэж байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, Бөхбилэгт дэвжээний дэд тэргүүн Н.Алтаншагайн хэлсэн үг надад их тааламжтай санагдсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ М.Бадарч арслангийн сайн сайхан барилдсаныг магтан сайшаахын зэрэгцээ, "Өнөөдөр дөрвийн даваа дуусаад, тавын давааны ам авч байхад Бадарч маань "би Сүхээг авчих уу" гэсэн. Тэр нь юу гэсэн үг юм гэвэл би Сүхбат дүүгээ аваад начин болгочих уу гэж байгаа юм. Тэгэхээр нь бид нар чи төрийн наадамд түрүүлэх гэж байгаа хүн юу гэж тэгдэг юм гээд халгаагаагүй. Хэрвээ бид нар тэг л гэсэн бол Бадарч маань дүүгээ аваад начин болгочихоор байсан. Тэгээд Сүхээг авчихсан бол өөрөө одоо ингээд сууж байхгүй байсан. Тэгэхээр манай Бадарч бусдынхаа төлөө гэсэн ийм сайхан сэтгэлтэй хүн шүү. Дүүгийнхээ энэ сайхан сэтгэлээр бахархаж байна" хэмээн өгүүлсэн юм.
Энэхүү яриаг сонссон хүн бүхэн М.Бадарч арсланг бахдаж, "Манай Бадарч чинь бас л эр хүн юм даа" гэх маягийн үгсийг өөр хоорондоо ярилцан суусан. Мөн дээрх зүйлийг ярьсан Н.Алтаншагай ах өөрөө С.Сүхбат харцагыг дэмжиж өдий зэрэгт хүрэхэд нь тус дэм болж яваа мөртлөө өөрийнх нь дэмждэг бөхийг авчих уу гэж байхад татгалзсан байдаг нь бас сайхан шүү.
Тэгэхээр үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, М.Бадарч арслан төрийн наадамд түрүүлэх зорилгоор допинг хэрэглэсэн байсан бол тавын даваанд нутгийн дүүгээ авна гээд явж байх уу, үгүй шүү дээ. Түрүүлэхийн төлөө л үхэн хатан зүтгэх байсан. Бас допинг хэрэглэчихээд шинжилгээнээс зугтъя гэж бодсон бол дөрөв давах байсан уу, бас л үгүй. Учир нь дөрөв давсан бөх шинжилгээ өгдөг болсон. Түүний энэ үйлдэл бол төрийн наадмаас цолгүй буцахын зовлонг үзсэн хүний л үйлдэл л дээ. Өөрөө улсын цол хүртэхээсээ өмнө хоёр ч удаа дөрөв даваад цолноос мултарч байлаа. Тийм учраас нутгийн дүүгээ эртхэн цолны босго алхуулаад өгчихье гэж бодсон байх.
Үүнээс үзэхээр яалт ч үгүй л түүний шинжилгээ хардалт дагуулаад байгаа юм даа. Хариу нь хоцорч ирсэн, зарлагдахаас нь өмнө хэвлэлээр түрүүлж балбуулсан, кодоор авдаг шинжилгээг Бадарчийнх гэж мэдээлснээс эхлээд зориудаар туг тахьчихав уу даа гэмээр зүйл олон л болсон доо. Ер нь тэгээд 38 бөхийн нэрээс эхлээд допингийн эсрэг байгууллагын бузар булай явдал арвин бий дээ. Түүний нэг хохирогч болсон хүн нь Б.Суманчулуун начин гэдгийг та нар миний "Гүндүүгүй Яриа" нэвтрүүлгээс маань үзсэн л байх.
Эцэст нь хэлэхэд тамирчин хүн алдаа гаргасан бол шийтгэл хүлээх нь зүйн хэрэг. Харин манайх шиг ийм бүрхэг, болхи, муйхар байдлаар хүний хувь заяагаар тоглоод байвал хэцүү юм даа. Бас дээрээс нь хууль дүрмээ зөрчиж, нийгэм нийтээр яллуулдаг байж боломгүй л санагдах юм. Үүнийг уншаад зарим хүмүүс намайг нутгийн бөхөө өмөөрлөө гэх байх. Би өмөөрөөд байгаадаа биш ээ, бодит байдал нь энэ юм шүү.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (18)