АТГ-аас “Монголын үндэсний допингийн эсрэг төв”-ийн Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон эмнэлэгт, мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрт нэгжлэг хийсэн. Энэ үеэр Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн 28 ширхэг допингийн хүнд төрлийн бэлдмэлийг илрүүлсэн гэх мэдээлэл бий.
Түүний шавь нар улсын наадмын дэвжээнд галтай барилддаг ч ард нь "допинг" илрэх нь жам юм шиг жил дараалан тохиосон байдаг.
Дасгалжуулагч Д.Батням болон Э.Оюунболд 2010 онд чөлөөт бөхөөр холбогдсон хүмүүс. Гэвч Э.Оюунболд чөлөөт бөхөө орхиж, үндэсний бөхөөр хичээллэх болсон гэдэг. Харин 2017 оны орчим өөртэй нь тулж, судалгаа шинжилгээтэй хандах хүн хэмээн дасгалжуулагч дээрээ эргэн очсон юм билээ.
Ингээд 2019 онд Э.Оюунболд Улсын аварга болж, допингийн шинжилгээгээр дөрвөн төрлийн бодис илэрснээр бөхийн замналдаа "тод хар толбо"-той үлдсэн юм. Тухайн үед багш шавь болсон байсан тул дасгалжуулагч өөрийн зүгээс түүнийг өмөөрөн ярьж байлаа. Түүнчлэн дархлаа нь унасан бол дархлаа дэмжих эм тариа зөвлөж, хөлс нь муухай үнэртээд эхэлбэл бодисын солилцооны хямрал явагдаж байгаа тул эмчилгээ зөвлөдөг байсан гэх.
Тэрбээр 2015 оны зун улсын наадмын түрүүг хүртэж, 22 насандаа "улсын арслан" цолонд хүрсэн "ид хавтай, сайн бөх болно" хэмээн олны дунд шагшигдаж асан билээ. Атал ийнхүү талаар өнгөрсөн юм.
Улсын начин Д.Цэрэнтогтох ч Д.Батнямын удирдлага дор бэлтгэлээ хангасан ч, сэргээшийн шинжилгээнд бүдэрч байлаа.
Үүний дараа 2020 онд улсын арслан Р.Пүрэвдавгаас допингийн гурван төрлийн бодис илэрч байв. Тэр мөн л Д.Батням дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ базаан зодоглож байж. Жил дараалан нэг багшийн гар дороос дэвсэн бөхчүүд хориотой бэлдмэлийн босгоны шороонд бүдэрч унаад байсныг өдгөө болж буй үйл явдалтай холбон хардах тодорхой нөхцөл байдал үүсэв.
Эмч биш атлаа эм тариа зөвлөдөг, дасгалжуулагч Д.Батнямын шавь нараас "допинг" илрээд байсан нь тахлын дэгдэлт шиг л зүй тогтолтой байгаа биз. Цаашилбал гэртээ сэргээшийн төрлийн бэлдмэл хадгалж асан тэрбээр шавийнхаа ирээдүйг сүйтгэсэн үү гэх асуулттай бид тулгарч байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)