НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Би Улаанбаатар хотын даргын ажлыг авсан хугацаандаа нэгдүгээрт хотыг эрүүл эдийн засаг, эрүүл засаглал, эрүүл эрх зүйтэй байх ёстой гэсэн бодлогыг зорилгоо болгоод УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, өөрийн төрж өссөн УБ хотынхоо хөгжлийн төлөө хүчээ зориулахаар шулуудсан.
Улаанбаатарт тулгамдаж байгаа 30 жилийн хугацаанд бий болсон нөхцөл байдлыг хөгжлийн тэнцүү шатанд гаргахад онцгой анхаарч ажиллахаа тухайн үед хэлж байлаа.
Хотын асуудлыг шийдэхэд УИХ дахь МАН-ын бүлэг, ЗГ-ын дэмжлэг, институт хоорондын уялдаа холбоог улам ойртуулан нягтаршуулж, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллана гэдгээ ч хэлж байсан.
Тиймээс хотод хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлт, тулгамдаж байгаа санхүү мөнгөний эх үүсвэр, дутагдаж байгаа эрх зүйн чадамж, дутагдаж байгаа эрүүл засаглалын тогтолцоог өөрчлөхийн тулд УИХ, ЗГ-ын гишүүдийн оролцоотойгоор ажиллах боломжийг бүрдүүлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, хөдөө орон нутгийн 2 гишүүнтэйгээр хөгжлийн түр хороог байгуулалцаж, тэнд хотын барилга байгууламжийн стандартыг шинээр бий болгох, төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, замн стандартыг ахиулан өөрчлөх зэрэг зорилтыг тавьж ажиллалаа.
Эрх зүйн шинэчлэлт хийхгүйгээр Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлыг өндийлгөн босгож ирнэ гэдэг амаргүй ажил шүү. Эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд хот анх удаа бонд гаргахыг зорьсон. 27 жил эрх зүйн шинэтгэл ЗГ-ын босгыг давж чадаагүй ийм үед бид ажилласан.
2020 онд цар тахалтай нүүр тулж, хүндрэл бэрхшээлтэй олон зүйлийг иргэдтэйгээ хамт туулж, хүчийг авч, бас бухимдуулан ард нь гарч байлаа. Мөн үер усны хүнд нөхцөл байдал дунд надтай хамт байсан хүмүүст талархал илэрхийлж байна.
Цаашдаа ч үер усны асуудал тулгарна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай хангах ёстой. Мөн замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, дулааны улиралд багтааж дуусгах ёстой. Хотын ажлууд зогсолтгүй явах ёстой.
Дараагийн хотын даргыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдэх нь зүйтэй гэсэн үүднээс өөрийн зүгээс ийм шийдвэр гаргасан. Энэ бол зөвхөн Сумъяабазартай холбоотой асуудал биш. Одоо шатахуун, утаа униар зэрэг асуудлуудтай нүүр тулах учраас хүмүүсийн бухимдсан зүйлүүдийг зүй ёсоор ойлгож эл шийдвэрийг гаргасан.
Харин нийслэлийн хөрөнгө оруулалтыг 420 тэрбумаас бууруулахгүй байх энэ тогтоолыг хэвээр үлдээх нь чухал" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)