Азийн наадмын хүндийг өргөлтийн төрөлд 33 орны 205 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 13 тамирчин хүч үзэж буй. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 55 кг-ын жинд Б.Эрдэнэзул нар өрсөлдсөн.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд 12 улсын 14 тамирчин өрсөлдөж, “B” хэсэгт багтсан манай тамирчин Б.Тунгалаг огцом өргөлтөөр 65 кг, түлхэлттэй өргөлтөөр 81 кг, нийлбэр 146 кг өргөсөн амжилт үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн 55 кг-д 13 улсын 15 тамирчин өрсөлдөж, “B” хэсгийн дөрвөн туйванч салхи хагалсны дотор Б.Эрдэнэзул багтсан. Манай тамирчин огцомд 70 кг, түлхэлттэйд 87 кг-ыг өргөснөөр хэсэгтээ хоёрдугаар байрт жагсав.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Ө.Чагнаадорж, 67 кг-д У.Амарбаяр, Э.Дүүрэнжаргал нар “В” хэсэгт багтан өрсөлдсөнөөс У.Амарбаяр огцом өргөлтөөр хэсгээ тэргүүлж, түлхэлттэй өргөлтөд гуравдугаар байрт орсноор, нийлбэр дүнгээр гуравдугаар байр, Э.Дүүрэнжаргал тавдугаар байр эзэллээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 59 кг-д ААШТ-ий мөнгөн медальт Э.Энхтамир, 64 кг-д энэ оны Ази тивийн аварга Э.Ануужин нар “А” хэсэгт өрсөлдөнө. Туйванчид ирэх сарын 07-ныг хүртэл тэмцээнээ үргэлжлүүлэх ажээ.