Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө. Түүний мэдээллээс онцлох таван эшлэлүүдийг хүргэж байна.
Нэг. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн
Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн.
Хоёр. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна
Улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд "Ёс зүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой"-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна.
Аливаа ашиг сонирхол, авлигын асуудалд улстөрч холбогдсон бол нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хэргээ хүлээгээд явах ёстой.
Гурав. Эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл надад байхгүй
Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хүлээгээд явах ёстой.
Надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй.
Дөрөв. Би автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлага тавьсан
Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан. Тодорхой асуудлуудыг үндсэн углуургаар нь шийдэхгүй орхисон байна. Энэ асуудлуудыг эрх барьж буй нам орж ажиллахаас өөр аргагүй.
Тав. Одоо түгжрэл, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлого тодорхой болсон
Намайг орж ирэхэд олон ажлыг зэрэг эхлүүлсэн, эрэмбэ тодорхой биш байсан. Харин одоо түгжрэл, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлого одоо тодорхой болсон. Холбоос зам, замын хөдөлгөөн зохицуулалт, хууль зүйн орчин, соён гэгээрэл, хот хөдөөгийн сэргэлт гэсэн таван чиглэлд Засгийн газрын бодлого тодорхой болсон.
Д.Батчулуун