БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын наадам тав дахь өдөртөө болж байна. Өчигдөр жүдо бөхийн багийн төрөлд Монголын баг хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг яллаа. О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нар өрсөлдөгчөө ээлж дараалан ялснаар 3:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин БНСУ-ын Хан Хэ Жү манай Б.Ням-Эрдэнийг иппоноор ялсан юм.
Шийдвэрлэх барилдааныг Г.Алтанбагана БНСУ-ын И Сүн Хотой хийж, цэвэр ялснаар эцсийн дүнд 4:1-ээр Монголын баг хүрэл медалийн эзэн боллоо.
Багийн төрөлд япончууд ганц ч жүдоч нь ялагдаагүй амжилтаар энэ удаагийн Азийн Наадмын багийн төрөлд итгэл төгс түрүүллээ. Мөнгөн медалийг Узбекистан, хүрлийг БНХАУ баг Казахстаны шигшээг 4:2-оор илүүрхэж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Тус наадмын эхний таван өдрийн байдлаар Монголын баг долоон медаль хүртэхэд зургааг нь жүдочид аваад байна.