Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа
“Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.
Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.
Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, хангах, төлөвлөгөөний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус зөвлөлөө.
Товч мэдээ
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- “Налайх-Чойр”, “Чойр-Замын-Үүд” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн 113 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны явц, цаашид авах арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа. Биржээр арилжсан нүүрсийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тусгай гарц бий болгох асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгалаа.