БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дэх наадам гурав дахь өдрөө болж байна. Монголын баг энэ удаагийн наадмаас хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан байдлаар 45 орноос 17 дугаар байрт бичигдлээ. Үлдэж буй өдрүүдэд медалийн тоогоо ахиулах боломж байгаа ба Монгол Улс 34 спортын 36 төрөлд 403 тамирчин, 129 дасгалжуулагчинаа илгээсэн билээ.
Наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг 40 алтан медальтайгаар тэргүүлж байгаа бол БНСУ-ын баг 11 алтан медальтай нэхэж байна.
Монголын тамирчид 49 жилийн өмнөх “Тегран-1974” Азийн наадмаас өдгөөг хүртэл хугацаанд нийт 159 медаль хүртжээ. Азийн наадамд монголчууд анх оролцохдоо нийт 18 медаль хүртэхэд дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нар чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа анхлан эгшиглүүлсэн түүхтэй.
Онцолж хэлбэл, дархан аварга Х.Баянмөнх үүнээс гадна тус наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн нь содон амжилт. Хоёр спортын төрлөөр Азийн наадмаас хоёр медаль хүртсэн Монгол тамирчин түүнээс өөр үгүй билээ.
Хамгийн медаль хүртсэн тамирчин бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990 оны Азийн наадмын жүдо бөхийн +95 кг-ын жинд мөнгө, үнэмлэхүй жинд хүрэл, 1994 оны Азийн наадмын жүдо бөхийн +95 кг-ын жин болон үнэмлэхүй жинд хүрэл медаль хүртэж, нийт дөрвөн медаль авчээ.
А.Сүх