Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд ес давж түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн А сорьцоос допинг илэрсэн билээ. Түүний Б сорьцын хариу ирээгүй боловч А болон Б шинжилгээний хариу зөрсөн тохиолдолд монголд лав гараагүй юм. М.Бадарчийн допингийн шинжилгээний хариуг зарламагц түүний арслан цолыг хуулийн дагуу хурааж, дүрмийн дагуу барилдах эрхийг дөрвөн жилээр хасна. Дараа нь түүнд унасан бөхчүүдийн цол, чимгийг нөхөж олгох биз ээ.
Улмаар аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин болж, Э.Даш харцага болж, С.Сүхбат заан болж, О.Хангай чимэг нэмж, Ц.Бямба-Отгон арслан цолтой болно.
Харин түүнд унасан есөн бөхөөс хамгийн харамсалтай нь аварга О.Хангай ба тэр цол авахгүй, чимэг нэмсэнээр аварга С.Мөнхбатын өмнө эрэмбэлэгдэх нь. Хэрэв М.Бадарч допинг хэрэглээгүй бол, хэрэв О.Хангай энэ наадамд түрүүлсэн бол даян аварга болж, өнөө цагт барилдаж буй аварга цолтой дөрвөн бөхийн өмнө гарах байлаа. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Буямбаяр харамсалтай унасан бөхийн нэг. Тэр М.Бадарч арсланд дөрвийн даваанд унасан бөгөөд түүнд даваа ахиуллаа гэхэд цол хүртэхгүй болж байгаа юм.
Бөх сонирхогчид Я.Бумбаярыг энэ жил цолонд хүрнэ гэж таамаглаж байсан билээ. Тэр өдгөө 29 настай, 2014 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2020 онд аймгийн арслан цолонд хүрсэн. Өнөө жилийн Сар шинийн барилдаанд аварга Ч.Санжаадамба, аварга П.Бүрэнтөгс нарыг дараалан хаяж, цолонд ойрхон бөх гэдгээ батлан харуулсан юм.
А.Болд
Сэтгэгдэл (32)