Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 78 дугаар чуулганы гантиг индэр дээрээс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар гаргаж буй улс орныхоо хүчин чармайлтын тухай дэлхий нийтэд хандан үг хэлсний араас Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин манай улсад албан ёсны айлчлал хийж буй нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ бол гадаад харилцаандаа баримталж буй Монгол Улсын бүрэн тэнцвэртэй, энх тайванч, олон талт бодлогын илрэл хэмээн дүгнэж болно.
Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-д болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож, бүс нутгийн эрдэс баягийн нөөц, эрчим хүчний найдвартай, тогтвортой, аюулгүй байдал, технологийн шийдэл, тээвэр логистикийн сүлжээний өргөтгөлийн асуудлаар үндсэн илтгэлийг тавьсан. Энэхүү чуулга уулзалтын ээлжит хуралдааныг Монгол Улс өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулж, хөгжилд чиглэсэн олон асуудлыг гүнзгийлүүлэн хэлэлцсэн билээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын энэ оны зургадугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээний шинэлэг механизм болох Парламент хоорондын хамтын ажиллагааны Хамтарсан комиссыг байгуулсан юм.
Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины энэ удаагийн айлчлалын хүрээнд уг Хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулсан нь түүний айлчлалын гол агуулга байлаа. Хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг тус комиссын хоёр талын дарга нар болох Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.
Хамтарсан комиссын хуралдаанаар Монгол Улсаас ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхэд тулгарч буй татварын болон татварын бус хориг саадыг арилгах асуудлыг хэлэлцэж, бодлогын томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохирсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм. Мөн хил орчмын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хангах зорилгоор уг асуудлаарх хамтарсан Комиссыг ойрын хугацаанд хуралдуулахаар тогтсон байна.
Хоёр улсын хооронд эдүгээ эдийн засаг, худалдааны тэнцвэртэй бус, нэг урсгалтай харилцаа өрнөж буйг харилцан урсгал, хөдөлгөөн бүхий үр дүнтэй харилцаа болгон идэвхжүүлэх нь хамтын ажиллагааны чухал үр дүн байх учиртайг Төрийн Думын дарга В.В.Володин Хамтарсан комиссын хуралдааны үеэр тэмдэглэжээ.
Иймд тус комиссоор дамжуулан хоёр улсын уламжлалт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, боловсрол, соёлыг хөгжүүлэх болон бусад салбарын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагуудаас бодлогын дэмжлэг үзүүлэх нь яриа хэлэлцээний энэхүү шинэлэг механизмын гол зорилго болохыг тэрбээр онцлон дурдлаа.
Парламент хоорондын Хамтарсан комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, бодлогын тохиролцоог Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн шатны комиссоор хэрэгжүүлэх ажлын бодлогын шийдвэрүүдийг гаргаж буй нь Төрийн Думын дарга В.В.Володины албан ёсны айлчлалын ач холбогдлыг илэрхийлсэн үйл явдал байлаа. Хамтарсан комиссын хуралдааныг ОХУ-д ирэх онд хийхээр тогтов.
Түүнийг айлчлалаа эхлэхээс өмнөхөн ОХУ-ын Засгийн газраас дотоодынхоо эрэлт, хэрэгцээг зохицуулах үүднээс газрын тосны бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоосон. Энэ хязгаарлалтад Монгол Улсыг хамааруулахгүй гэдгийг Төрийн Думын дарга айлчлалынхаа үеэр удаа дараа нотлон илэрхийлэв. Мөн тэрбээр, хоёр улсын уламжлалт, түүхэн харилцааны өвийг хүндэтгэж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэн Чингис хаан Үндэсний музейд түүхийн үнэ цэнтэй, архивын ховор баримтыг хүлээлгэн өгсөн юм.
Олон талт, тэнцвэртэй, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж буй манай улсад ирэх айлчлалуудын чанар чансаа, түвшин, давтамж нэмэгдэж, дэлхий дахины анхаарлыг татаж буй энэ цаг үед ОХУ-ын парламентын тэргүүн албан ёсоор айлчилж, хоёр талын төдийгүй бүс нутгийн харилцаанд эв нэгдэл, амар тайван байдлыг эрхэмлэж буй Монгол Улсын хүчин чармайлтыг дэлхий нийтэд илтгэн харуулж чадсанд энэхүү айлчлалын ач холбогдол оршиж байна.
Сэтгэгдэл (1)