Багануур дүүрэгт Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Air Sok” клубтэй хамтран “Стронгмен-2023” тэмцээний өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав. Тэмцээнд өнөө цагийн есөн шилдэг тамирчин хүч бяраа сорин өрсөлдлөө.
Зургаа дахь удаагийн тус тэмцээнд долоон төрлөөс тавд нь аваргалсан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт З.Ирээдүй алтан медаль хүртэж, шилжин явах цомыг үүрд хадгалж үлдлээ. Учир нь тэрбээр энэ тэмцээнд дөрвөн жил дараалан түрүүлсэн цор ганц тамирчин болсон юм.
Харин Б.Хадбаатар “Стронгмен” тэмцээнд гурав дахь удаагаа дэд байрт орлоо. Орон нутагт “Стронгмен” тэмцээн анх удаа болсон нь тэмдэглүүштэй. Бас нэг онцлох зүйл нь Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд болсон энэ тэмцээнийг Багануур дүүрэгт уламжлал болгохоор тогтжээ.
Тэмцээний дүн, мэдээллийг танилцуулж байна.
“Стронгмен” тэмцээний эхний төрөл болох 90, 100, 110, 120 кг төмөр шургааг өргөх дасгалд Азийн аварга Б.Хадбаатар хамгийн богино хугацаанд өргөсөн амжилтаар тэргүүлжээ.
Мөн хоёр дахь дасгал буюу 304 кг жинтэй төмөр рам мөрлөж алхах төрөлд 20 метр замыг 17.97 секундэд туулсан амжилтаар З.Ирээдүй түрүүллээ. Түүний хувьд “стронгмен” тэмцээнд хамгийн олон түрүүлсэн тамирчин юм.
Дараа нь 22 кг жинтэй төмөр алхыг 90 градус барих төрөлд Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Д.Баттүвшин 1.22 минут тогтоож ялагч боллоо. Түүний хувьд анхны “Стронгмен” тэмцээн энэ юм. Дөрөв дэх дасгал буюу нуруу таталтаар 220, 250, 300, 320 кг жинтэй эгнүүлэн тавьсан штангийг З.Ирээдүй 38.31 секундэд өргөж, дахин тэргүүн байрт орлоо. Тэрбээр үүний араас 100, 120, 140, 150, 160 кг жинтэй эгнүүлэн тавьсан таван чулуунаас дөрвийг нь 2.54 минутад амжилттай өргөн гурав дахь түрүүг авав.
Тав дахь дасгал буюу 50, 60, 70, 80, 90 кг жинтэй гантелийг З.Ирээдүй 18.15 секундэд өргөж, тэргүүн байрынхаа тоог дөрөв болгон нэмлээ. Энэ дасгалаар үзэгчдийн дунд тэмцээн зохион байгуулсан ба хүүхэд, залууст тус спортыг сурталчлан таниулсан арга хэмжээ болсоныг нутгийн удирдлагууд онцлов. Хамгийн сүүлийн дасгал буюу 10 тонн жинтэй ачааны машины толгойг 20 метр газар чирэх төрөлд З.Ирээдүй 46.37 секундэд туулсанаар тав дахь түрүүгээ авч бусад найман тамирчинаас хол тасархай түрүүллээ.
Энэ дасгалыг амжилттай биелүүлсэн бусад тамирчин нь Б.Хадбаатар, М.Цэрэннадмид нар 20 тонн жинтэй машиныг 20 метр зайд чирж дуусгасан билээ. Тэд “Стронгмен” тэмцээнд тогтмол оролцдог цөөн тамирчны нэг.
Тэмцээний нийлбэр дүнгээр З.Ирээдүй (5 төрөлд) тэргүүлж, Б.Хадбаатар дэд байр, Д.Баттүвшин гуравдугаар байрт орсон бол М.Цэрэннадмид, Г.Гүррагчаа нар удаалав. Улсын аварга шалгаруулах “Стронгмен” тэмцээн зургаа дахь удаагаа болоход хамгийн анх 2007 онд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, 2008 онд Т.Эрдэнэхүү түрүүлсэн бол 2018, 2020, 2022, 2023 оны тэмцээнд З.Ирээдүй дараалан түрүүлж байна.
Тэмцээний гэрэл зургийг хүргэе.
Сэтгэгдэл (1)