Монгол Улс “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвец”-д 2007 онд нэгдэн орсоноор допингийн эсрэг тэмцэх үүрэг хүлээсэн юм. Үндэсний бөх төдийгүй МҮОХ-нд хамаарах их спортын болон бусад спортын холбоодод нөлөөлөх хэмжээний статустай энэ байгууллагыг 2010 оноос Ардын эмч Ж.Хатанбаатар удирдаж байна. Үйл ажиллагаа нь хаагдмал, тайлангаа гаргадаггүй гэх шүүмжлэл олон жил явж ирсэн боловч өнөөх эрхэм өнөөг хүртэл удирдсаар байгаа.
Байдал улам хүндэрч, Монгол Улсын тамирчид олимпын наадамд цагаан тугийн дор орохтойгоо тулаад байхад хүртэл гаргасан зөрчлөө арилгахгүй байгаа нь сонин байна.
Олон улсын допингийн эсрэг агентлагаас манай улсад тавьж буй шаардлага бол их энгийн. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага 5-6 дүрмийн заалтын зөрчлөө арилгах асуудлыг тавьж. Ердөө л энэ. Асуудал иймдээ хүрсэн нь харамсалтай. Гаргасан зөрчлөө арилгахгүй байгаа нь Ж.Хатанбаатар болон түүний хамаарал бүхий хүмүүстэй шууд холбогдоно. Энэ нөхцөл байдлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Засгийн газар МОНАДА-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөр гаргаж, 800 сая төгрөг төлсөн. Улмаар дахин төлбөрийн асуудал үүссэн учраас Монгол Улс олимпын наадамд цагаан тугийн дор оролцож болзошгүй гэх сануулга ирсэн” гэв.
Иймээс Засгийн газар түргэн авч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгч, ажлын хэсэг байгуулж, яаралтай танилцуулах лүндэн буулгасан байна.
Ингэхээс өөр аргагүйдээ тулж. Маргааш гэхэд Олон улсын допингийн эсрэг агентлагийн зөвлөл хуралдаж, тэдний шаардлагыг “МОНАДА” хэрхэн хангасан эсэхийг танилцуулах юм. Энэ шийдвэрээс хамаарч Монгол Улс олимпын наадамд цагаан хуудсаар орох эсэхийг маргааш шийдэгдэж болзошгүй байна.
А.Болд