Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Олимпын эрх олгох энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал АНУ-ын бөх, олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт Сара Хилдербрандтыг ялсанаар алтан медалийн төлөө барилдахаар болов.
Өмнө нь хоёр таарахад хэн хэн нь ялаад байсан бөгөөд хайнаа хагалах барилдаанд манай улсын тамирчин 7:5-аар илүүрхэн дэлхийн дэвжээнд гурван жил дараалан медалийн тавцанд гарах нь ойлгомжтой болсон.
Түүний дараагийн учраа олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы бөх Юи Сүсаки юм. Монголын чөлөөт бөхийн тамирчид дэлхийн дэвжээнд 56 жилийн өмнө анхны медаль (Ж.Мөнхбат хүрэл)-иа хүртэж байлаа.
Хэрэв Д.Отгонжаргал өнөөдөр өрсөлдөгчөө ялбал Монголын чөлөөт бөхийн тамирчдын найм дахь алтан медальтан болох билээ. Эс бөгөөс 24 дэх мөнгөн медальтан болно.
Түүний багш гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь нарын олимп, дэлхийн 15 дахь медальт бөх өчигдөр мэндэлсэн юм. "Парис-2024" олимпын эрх авсан Монголын хоёр дахь тамирчин, чөлөөт бөхөөс анхны тамирчин боллоо.
А.Болд
Сэтгэгдэл (1)